Шашин урлагийн цэнгүүн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийд, Жаахан шарга театртай хамтран ес дэх жилдээ Шашин урлагийн цэнгүүнийг зохион байгууллаа. Энэ жилийн хувьд цэнгүүнд хөдөө сумдаас сүсэгтнүүд олноор ирж оролцож байгаа нь онцлог байлаа гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.
Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдээс жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр шашин урлагийн цэнгүүнийг нийт сүсэгтнүүдийнхээ хамтаар хийдэг уламжлалтай. Ес дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа тус цэнгүүнд аймгшийн төв болон хөдөө сумдын нийлсэн 600 орчим сүсэгтэн оролцож, буян хураалаа.
"Шашин урлагийн цэнгүүн маань олон хүний сэтгэлд хүрсэн сайхан үйл ажиллагаа болдог. Тэр ч утгаараа жилээс жилд өргөжиж байгаад бид баяртай байна. Энэ удаад лам хуврагууд цэнгүүний үеэр уншдаг номон дээрээ анхдугаар Богдын зохиосон цагийг зохицуулагч хэмээх Жанлавцогзолмаа гэдэг номыг есдүгээр Богдын зохиож өгсөн ая дангаар уншсан нь энэ жилийн цэнгүүний томоохон онцлог байлаа. Ер нь жилээс жилд ирэх хүмүүсийн маань сүжиг их хүчтэй болж гүнзгийрч байна. Сүсэгтнүүд шашин урлагийн цэнгүүнээ үгүйлж, хүлээдэг болсонд бид бүхэн их баяртай байна..." хэмээн Эрдэнэмандал хийдийн дэд лам Н. Цамбанүрдэв хэллээ.
Шашин урлагийн цэнгүүнд аймгийн жаахан шарга театрын уран бүтээлчдээс гадна Улаанбаатар хотоос нутгийн уран бүтээлчид ирж ая дуугаа өргөсөн нь хурсан олныг баярлуулж байсан юм. Мөн азтай гурван үзэгчийг шалгаруулж, дээшээ харсан сав хэмээн бэлгэшээж идээний модон цар, нэг үзэгчид Итгэлт хамба-д аялах эрхийн бичиг гардуулсан байна.
Т. Одончимэг