“Сүнжидмаа” дуулалт жүжгийг 36 жилийн дараа сэргээн тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-03-21 15:20:39

Улаабнаатар /МОНЦАМЭ/. Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид эрт үеэс уламжлан ирсэн ардын домог, дуу, хөгжим, бүжиг, ардын урлагийн төрлийг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор ард түмний дунд дуулагдсаар ирсэн “Сүнжидмаа” ардын дууны домгоос сэдэвлэн бүтээсэн дуулалт жүжгээ тайзнаа дахин шинэчлэн найруулж, сэргээн тоглохоор болжээ.

Энэхүү дуулалт жүжгийг зохиолыг анх 1981 онд СГЗ. Ж.Бадраа, хөгжмийг Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншарав зохиож улмаар "Сүнжидмаа" дуут хөгжим бүжгийн цоморлиг нэртэйгээр тайзны бүтээл болж байжээ.

Тус дуулалт жүжгийг одоогоос 30 гаруй жилийн өмнө ажиллаж байсан УГЗ Ё.Цэрэндолгор найруулагчийн анхны тавилтаар дахин сэргээж байгаа юм.

Энэ сарын 22, 23-нд үзэгчдэд толилуулах дуулалт жүжгийн Сүнжидмаагийн дүрд МУСТА.Ц.Түмэнжаргал, Мянганд МУСТА.Б.Батмэнд, Наваанд МУСТА П.Баярмагнай, Дэжидийн дүрд МУГЖ.С.Эрдэнэцэцэг, Баднаанямбууд МУГЖ.Д.Ширмэнтуяа нар тоглоно.

Энэхүү дуулалт жүжиг нь ҮУИТ-ын урын санд буй анхны дуулалт жүжгийн хэлбэрээр тавигдсан томоохон бүтээлүүдийн нэг бөгөөд тухайн үеийн нийгмийн амьдрал ахуй, залуусын хоорондын хайр сэтгэл, хүмүүсийн үзэл бодлын зөрчилдөөнийг монгол ардын харилцаа дуугаар дамжуулан харуулсан бүтээл юм.

Жүжгийн ерөнхий найруулагчаар Ё.Цэрэндолгор, ерөнхий удирдаачаар МУГЖ.С.Сүндэд ажиллаж, Сүнжидмаагийн дүрд Б.Сарантуяа, МУГЖ.А.Нэргүй, Мянганы дүрд МУГЖ Д.Банзрагч, Г.Борхүү, Навааны дүрд МУГЖ Д.Самбуу, Ж.Эрдэнэгомбо, Дэжидийн дүрд Ш. Намсрайжав, Е.Наранцэцэг, уртын дууч Ардын жүжигчин Н.Норовбанзад, МУГЖ С.Сүглэгмаа нарын дуучид тоглож байжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ