Г.Батжаргал: Яаралтай мониторинг хийж усны нөөцөө аврах хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-03-21 17:47:52

Дэлхийн усны өдөр тохиож буйтай холбогдуулан Усны хэрэглээ ба бохирдол сэдвээр ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, Гидро геологичдын холбоо, Инженер-Геологчидын холбооноос хамтран Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

Хурлаар Гидро геологчидын холбооны тэргүүн Н.Батсүх ярихдаа, “Монгол Улс газрын хэвлийгээс хамгийн ихээр ус олборлон ашигладаг орон юм. Жилийн хэрэгцээндээ бид 600 сая тонн ус олборлодог. Үүний 90 хувь нь газрын гүний ус байдаг. Манай улсын стратегийн ордууд тархсан говийн бүст зөвхөн газрын гүний ус бий. Эдийн засгийн гол хөшүүрэг болсон уул уурхайн салбар маань газар доорх усыг их хэмжээгээр хэрэглэдэг. Тиймээс газрын гүний усыг хайрлан хамгаалж, нөөцийг судлах нь нэн тэргүүний асуудал юм” гэв.

Харин Гидро геологчидын холбооны гүйцэтгэх захирал Г.Батжаргал “Улаанбаатар хотын усны төвийн эх үүсвэр нь Туул голын хөндийн усны орд юм. Энэ орд зуны цагт хүрээлэн байгаа уулст буусан хур тунадаснаас тэжээгддэг. Гэтэл яг тэжээгдэх бүсэд нь гэр хороолол байрладаг. Эндээс ялгарах бохирдол борооны усаар нэвчин усны нөөцийг бохирдуулах аюултай. Өнгөрсөн жил хоёр  компани судалгаа хийхэд төвийн эх үүсвэрийг тэжээдэг Улиастай, Сэлбэ, Толгойт голын хөндийд нэлээн их бохирдол илэрсэн. Хэрвээ төвийн эх үүсвэрийг алдвал ийм том эх үүсвэр олох боломжгүй. Тиймээс яаралтай хяналт шинжилгээний мониторинг хийж усны нөөцөө аврах хэрэгтэй. Мөн 1980-аад онд ОХУ-ын мэргэжилтнүүд Улаанбаатар хотын газар доорхи усны ордын зураг гаргасан. Тус газар нутгийн 30 хувьд барилгажилт явагдан усны нөөц багассан байна. Цаашдаа усны нөөц бүхий газарт барилга битгий бариасай гэж хүсч байна”хэмээн онцолсон юм.

“НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилт бүр устай холбоотой. Усны асуудлыг шийдвэрлэхгүйгээр тогтвортой хөгжлийг ярих боломжгүй. Манай оронд усны боловсролын талаар ойлголт хомс. Хаанаас ус авдаг, ямар найрлагатай, ямар ус хэрэглэдэг талаараа иргэд ямар ч мэдээлэлгүй. Тиймээс хүүхэд залуучуудын усны боловсролыг нэмэгдүүлэх талаар ажиллах хэрэгтэй байна” хэмээн ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн дэд захирал Н.Буянхишиг ярив.

М.Аминаа

Холбоотой мэдээ