Наурыз-Нарны баярын өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. Казахуудын үндэсний баяр Наурыз буюу Нарны баяр өнөөдөр тохиож байна.
Казахын ард түмэн “Ард түмний их өдөр” хэмээн хүндэтгэдэг гуравдугаар сарын 22-ныг өдөр шөнө тэнцдэг өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Наурыз нь үндэстний уламжлалт ёс болон баяр цэнгэлийн бүх төрлийг хамарсан найр цэнгэл, шинэ жилийн баяр, хаврын баяр, өдөр шөнө хоёрын тэнцэх мөч, ард иргэдийн эв нэгдлийн өдөр юм.
Казахууд нүүдэлчин ард түмэн учраас өвлийн хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай учирч золгосны баяр болгон тэмдэглэдэг. Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн, амьтай бүхэн сэргэн цагаан идээ, уураг идэх завшаан тохиодог үед энэ баяр болдогоороо онцлогтой. Казахууд нарыг шүтэх бөгөөд энэ өглөө эртлэн босож нарыг шинжин, тухайн жилийнхээ өнгө төрхийг хэлэлцэнэ. Уг баярыг мөн нарны баяр ч гэж нэрийднэ. Настан буурал эмээ нар, эмэгтэйчүүд "Амьдрал тэтгэх наран ээж минь" хэмээн мандаж буй наранд ёсолж, залбирал үйлдсэний дараа хоорондоо золгож мэндэлснээр баяр эхэлдэг уламжлалтай.
Бvх хүн анхны нар харж, нараа хүндэтгэж сэтгэлийн таашаал авч наранд сүүгээ өргөнө. Гэрийн эзэгтэй нар гэрийн тооныг сүүгээр, босгыг таргаар мялаадаг ёс ч бий. Наурызын баяраар ахан дvvс, хотол олноороо учран золгож, аксакалуудаа (ахмадууд) хvндэтгэх ялдамд vр хvvхэд, залуусдаа эрхэм сургаалиа хайрлан хүртээж, үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтаа шүүн хэлэлцдэг сайхан ёслол юм.
Наурызын баяр болохоос өмнө хүмүүс гэр орон, эд хогшил, хашаа хороогоо янзалж цэвэрлэж, мод суулгаж цэцэг тарьдаг байжээ. Хэрэв наурыз ирэхэд гэр орон цэвэрхэн, гэрийн эзэгтэй цэмцгэр байвал өвчин зовлон, бүтэлгүй үйл, санамсаргүй явдал хажуугаар өнгөрнө гэж үздэг. Наурызын баярыг өгөөмөр сэтгэлээр тэмдэглэх юм бол тухайн айл өрхөд тухайн жилд сайн сайхан, элбэг дэлбэг байх болно гэж үздэг. Ард түмний дунд тархсан домог, итгэл үнэмшил ёсоор энэ өдөр бүх хүнд ивээл хайрладаг Кыдыр өвөө хэсэж явдаг. Энэ баяраар эрэгтэй хүмүүс хоорондоо хоёр гараараа барилцаж цээжээ хүргэлцдэг, эмэгтэйчүүд хоорондоо тэврэлддэг байна харин эмэгтэй эрэгтэй хүмүүс мөр зөрүүлж мэндэлдэг.
Наурызын баярыг казахууд дээр үед уламжлал ёсоор өглөө эрт өндөр дээр гарч, үүр цайж нар мандахыг харж угтахаас, хаагдсан гол горхины нүдийг нээж ус урсгахаас, газарт улиас мод сулгахаас, цэцэг тарихаас эхэлдэг заншилтай ажээ.
Ард түмний дотор энэ өдөрт тохирсон ёс заншлууд бас байна. Тэдгээрийг “Наурызын баяр”, “наурызын магтаал”, “наурызын көже”, “наурызын ерөөл” гэж нэрлэнэ. Энэ баяраар төрсөн хүүхдүүдэд Наурызбай, Наурызхан, Наурызбек, Наурызтай, Наурызгүл, Наурызай, Наурызжан гэхчлэн нэр өгдөг байна.
Наурызын көже гэдэг нь: Наурыз шөл бэлтгэх явдал юм. Наурыз шөл хүнсний зүйлийн долоон төрлөөр бэлтгэнэ. Долоон төрлийн хүнсний зүйл ард түмний заншлаас үүдэлтэй... казах хэлний долоон овог, долоон баялаг, долоон давхар газар, долоон бурхан, долоон шөнө, “долоон хэрэгсэл” гэх мэт залгаа үгнүүд ард түмний эртний итгэл үнэмшил, домгийн, одон орны ойлголтуудаас үүсчээ. Тийм учраас зарим газарт көжений бүрэлдэхүүн өөрчлөгдсн ч, түүний бүрэлдэхүүн дэх хүнсний зүйлийн долоо байх нь зориуд хадгалагдсан байна.
Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн Наурыз баярыг өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг байна. 2010 оноос эхлэн Таджикистан, Азербайжан, Афганистан, Казахстан, Кыргызстан, Иран, Туркменмистан, Турк зэрэг орны төлөөлөгчдийн өргөн барьсан хvсэлтийн дагуу НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдаан дээр Наурызыг Олон улсын баяр болгон баталжээ. ЮНЕСКО /нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, урлагийн байгууллага/ өнгөрөгч оны есдүгээр сарын 30-нд Наурыз баярыг Дэлхийн халдашгүй соёлын өвд бүртгэсэн билээ.
Монголын казахуудын хувьд Наурыз баярыг 1937 оны хэлмэгдэл явагдах хүртэл ахан дүүс, төрөл садан, айл хотлоороо тэмдэглэдэг байжээ. Монгол Улс даяар хэлмэгдүүлэлт эхэлж, үндэсний болгоныг шашны, эртний, хоцрогдсон нийгмийн үлдэгдэл хэмээн үзэж, ард түмэн уг баярыг тэмдэглэхийг шууд хорьсон аж. Харин 1990 онд Монгол даяар өрнөсөн ардчилсан хувьсгалын ачаар казах үндэстний соёлын өв уламжлал аажмаар сэргэж эхэлсний нэг нь Наурыз баярыг нийтээр тэмдэглэх болсон явдал юм.
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал