Олон улсын Тахь группын ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2015-10-21 18:11:00

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Олон улсын тахь группын ерөнхийлөгч ноён Рэйнхард Шнайрич болон Тахь төслийг санаачлагч О.Доржраа, Олон улсын тахь группын Монгол дахь салбарын захирал Н.Энхсайханыг энэ сарын 19-нд хүлээн авч уулзав.

Олон улсын тахь групп нь БОНХАЖЯ-тай хамтран Говийн их дархан газрын Б хэсэгт Монгол тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах ажлыг амжилтай хэрэгжүүлж байгаа юм. Олон улсын тахь группын төв нь Швейцарьт байдаг бөгөөд Монгол дахь товчоогоороо дамжуулан тахь нутагшуулах төслийг санхүүжүүлэн ажилладаг аж.

Тус байгууллагын ерөнхийлөгчөөр ноён Рэйнхард Шнайрич саяхан томилогдсон ба Монгол Улсад ажиллах хугацаандаа сайд Н.Батцэрэгтэй уулзан, монгол тахийг эх нутагт нь нутагшуулах, мэргэжилтэн бэлтгэх, хөрөнгө оруулалт хийх, орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх, тахь нутагшуулж буй Дархан газрыг өргөтгөх, дархан газрын хамгаалалтын захиргааг бэхжүүлэх, хамгаалалтын захиргааг Алтай суманд шилжүүлэх, шинээр мэдээллийн төв барих, олон улсын хамтын ажиллагааныхаа талаар харилцан санал солилцон зарим шийдвэрлэж болох асуудалд санхүүгийн бодит тооцоо судалгаа хийх, БОНХАЖЯ хэрхэн дэмжлэг үзүүлэх боломжтой талаар судалж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхээ хэллээ.

Дашрамд сонирхуулахад одоогоор тахь Тахийн тал, Хустайн нуруу, Хомын тал гэсэн газар амжилттай сэргэн нутагшиж байгаа бөгөөд 500 гаруй тоо толгойд хүрээд байна. Энэ нь манай улс дэлхийд хамгийн олон тахь  чөлөөт байгальд нутагшуулж байгаа улс болсон гэж БОНХАЖЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ