"Эх дэлхийн цаг"-аар лаа асаан эрчим хүчээ хэмнэхийг уриалав

Монголын мэдээ | Байгаль орчин
ariunbold@montsame.mn
2017-03-24 11:39:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас маргааш буюу энэ сарын 25-нд “Эх дэлхийн цаг 60+” компанит ажлын хүрээнд Д.Сүхбаатарын талбайд “Лаатай үдэш” арга хэмжээг зохион байгуулах болжээ.

2007 онд Австралийн Сидней хотын 2.2 сая өрх эрчим хүч хэмнэх,  хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор “Эх дэлхийн цаг” хөдөлгөөнийг эхлүүлж, 60 минутын турш гэрлээ унтраан, лаа асааж байсан нь өнөөг хүртэлх хугацаанд 7000 хотыг хамарчээ. НҮБ-ын Уур амьсгалын салбар хорооноос уг арга хэмжээг жил бүрийн 3 дугаар сарын сүүлийн долоо хоногийн бямба гарагт дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг 2009 онд гаргажээ.

Монгол Улс “Эх дэлхийн цаг”-т 2010 оноос нэгдэж байсан бол эдүгээ Ховд, Говь-Алтай, Увс, Хэнтий аймагт мөн тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна. “Эх дэлхийн цаг”-аар лаа асаах нь эрчим хүчийг орлож орчны гэрэлтүүлэг болохоос гадна итгэл найдвар, эерэг бүхнийг урин дуудаж, гэрэл гэгээтэй ирээдүйн бэлгэдэл болдог байна. Харин “60+” хэмээх бэлгэдэл нь өдөр тутмын амьдралдаа эх дэлхийгээ хамгаалж, аль болох эрчим хүч хэмнэхийг амьдралын хэвшил болгохыг илэрхийлдэг аж. Уг арга хэмжээнд идэвхтэй оролцож, Д.Сүхбаатарын талбайд лаа асаан дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхийг БОАЖЯ-наас уриалав.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ