Хятад улс нисэх онгоц тээвэрлэгч хоёрдахь хөлөг онгоцоо усанд тавина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-03-24 16:57:29

БЭЭЖИН. /TASS/. Хятад улс нисэх онгоц тээвэрлэгч 001А төслийн хоёрдахь хөлөг онгоцоо энэ оны 4 дүгээр сард усанд тавина. Энэ тухай баасан гарагт SINA портал мэдээллээ. 

Усанд тавих ёслолын ажиллагаа 4 дүгээр сарын 23-нд буюу Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчин байгуулагдсаны 68 жилийн ойн өдөр явагдах ажээ.

Тус порталын мэдээлснээр, нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцны сүүлийн үед нийтлэгдсэн гэрэл зургуудаас харахад одоо усан онгоцны үйлдвэрийн ажилчид хөлөг онгоцны их бие дээр будах суурийг тавьж байгаа аж. Үүнээс гадна хөлгийн тавцанг цэвэрлэж, радиолокацийн тоног төхөөрөмжүүдийг угсарч эхэлжээ.

Одоогийн байдлаар Хятад улс “Ляонин” гэдэг цорын ганц нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцтой ба түүнтэй адил загвараар сайжруулсан хоёрдахь хөлөг онгоцоо барьж байгаа нь энэ юм. Эдгээр хоёр хөлөг онгоц 14 болон 12 градусын тасралтын өнцөгтэй бууж хөөрөх трамплинаар тоноглогджээ.

Үүнээс өмнө Хятадын хэвлэлүүдэд бичихдээ, нисэх онгоц тээвэрлэгч хоёрдахь хөлөг онгоцны туршилт 2019 онд эхэлж, улмаар түүнийг Хятадын Тэнгисийн цэргийн хүчний бүрэлдэхүүнд хүлээн авах ёслолыг 2020 онд хийнэ гэж мэдээлж байсан юм. Энэ хөлөг онгоцны усан түрц нь 50 мянган тонн, түүн дээр J-15 сөнөөгч онгоц, нисдэг тэрэг байрлах ажээ.

2 дугаар сард Хонконгийн хэвлэлүүд бичихдээ, Хятад улс цоо шинэ төрлийн 002 загварын нисэх онгоц тээвэрлэгч гуравдахь хөлөг онгоцоо барьж байна гэж мэдээлж байсан юм. Шинжээчдийн үзэж байгаагаар, түүн дээр уурын ажиллагаатай катапульт тавигдах бол “Ляонин”-нд трамплин ашигладаг байна. Гуравдахь шинэ төрлийн хөлөг онгоц нь ердийн хүчний төхөөрөмжөөр тоноглогдох бөгөөд усан түрц нь 85 мянга тонн байх ажээ.

О.Барс

 

Холбоотой мэдээ