“Үндэсний тохирлын тэмдэг”-тэй бүтээгдэхүүний тоогоороо Сэлэнгэ аймаг тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-03-24 23:41:06

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэдэг бүтээгдэхүүний тоогоороо Сэлэнгэ аймаг орон нутгийн хэмжээнд тэргүүлдэг байна.

Сэлэнгэ аймгийн хувьд нийт 5 аж ахуй нэгжийн 7 бүтээгдэхүүн “Үндэсний тохирлын тэмдэг”-ийг хэрэглэх эрх авсан байдаг. Энэ нь орон нутгийн хэмжээнд хамгийн олон тоо юм. Тодруулбал Шаамар сумын “Аргангат” нөхөрлөлийн “Шижир” нэрийн зөгийн цэвэр бал, Сүхбаатар сумын “Үжээд” ХХК-ийн “Сэлэнгэ” боролзгонотой цай, “Сэлэнгэ” нохойн хошуутай цай, “Сэлэнгэ” шимт цай, Сүхбаатар сумын “Сэлэнгэ” талхан цехийн “Сэлэнгэ” нэрийн хмелийн том талх зэрэг бүтээгдэхүүнүүд юм. Эдгээр бүтээгдэхүүнүүдэд “Үндэсний Тохирлын тэмдэг” хэрэглэх эрхийг нь саяхан дахин гурван жилийн хугацаатайгаар сунгасан байна. Сэлэнгэ аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэсээс өөрийн үндсэн чиг үүргийнхээ дагуу үндэсний үйлдвэрлэгчиддээ “Үндэсний Тохирлын тэмдэг” хэрэглэх эрхийг сунгах энэхүү ажлынхаа хүрээнд холбогдох арга зүйн зөвлөгөөг өгч, аймгийн брэнд бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллажээ.

Монгол Улсын “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулиар “Үндэсний тохирлын тэмдэг”-тэй бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, экспортлох, импортлоход хяналт баталгаажуулалтад давтан хамруулахгүй гэж заасан байдаг аж. Энэ нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, үр өгөөжид үзүүлж буй өндөр итгэл ажээ.

“Үндэсний тохирлын тэмдэг” гэдэг нь гадаадын болон дотоодын аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний үндсэн түүхий эдээс эхлэн бэлэн бүтээгдэхүүн болох, уг бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт болон хэрэглэгчийн гар дээр очих хүртэлх бүх шат дамжлага нь холбогдох стандарт, чанарын шаардлагыг хангаж буйг нотлох баримт бичиг юм.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ