Британийн баруун хэсэгт дэлбэрэлт болж 30 хүн гэмтжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
adiyakhuu@montsame.mn
2017-03-26 14:31:25

ЛОНДОН. /BBC/. Их Британийн баруун хэсэгт дэлбэрэлт болсны улмаас нэг барилга нурж, 30 хүн шархадснаас хоёр нь ноцтой гэмтэл авчээ. Урьдчилсан байдлаар, дэлбэрэлт ахуйн хий алдагдасны улмаас болсон гэж үзэж байгаа ажээ.

Дэлбэрэлт Ливерпулийн орчмын Бебингтон хотын нэг байранд болсон ба уг нурсан барилгад бүжгийн студи ажилладаг байжээ.

“Liverpool Echo” сонины сурвалжлагч Жош Парри “BBC”-д ярьснаар, бүжгийн студи хятад рестораны хажууд залган байрладаг ба дэлбэрэлт болох үед тус ресторанд үйлчлүүлэгч олонтой байжээ.

Түүний хэлснээр дэлбэрэлт болсон газар руу 12 түргэний машин, 40 орчим галын машин ирсэн байна.

Зэргэлдээх байрны оршин суугчид маш хүчтэй доргилт мэдрэгдсэн гэж ярьжээ. Дэлбэрэлтэнд өртөж шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бол ноцтой гэмтэл авсан хүмүүсийг Ливерпулийн Айнтри эмнэлэгт аваачжээ.

Өмнөд Уирралын тойргийн тэнхимийн гишүүн Элисон Макговерн “Twitter”-тээ нөхцөл байдал ноцтой, нутгийн оршин суугчдыг дэлбэрэлт болсон газраас аль болохоор хол байж, осол дээр ажиллаж буй албаныханд ажлаа хийх боломжийг олгохыг уриалжээ.

О.Барс

Холбоотой мэдээ