Барааны гарал үүслийг бичсэнээр тарифын хөнгөлөлтийн эрх үүснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-22 11:24:13

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцүүлгийн үеэр Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын  гишүүн Д.Дэмбэрэл танилцуулсан юм. Гаалийн тухай хуульд 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар орсон нэмэлт, өөрчлөлтөөр гаалийн бүрдүүлэлтэд шаардагдах бичиг баримтаас гарал үүслийн гэрчилгээг хассанаар одоогийн байдлаар мэдүүлэгчийн мэдүүлсэн гарал үүслийн улсыг хүлээн зөвшөөрөх төдийд буюу хангалтгүй байдлаар хэрэгжиж байгаа аж. Гарал үүслийн дүрэмтэй холбоотой хүндрэлтэй асуудал гараагүй байгаа боловч Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг хэрэгжүүлж эхлэхэд хөнгөлөлттэй тарифын хувь хэмжээг мөрдөхтэй холбоотой гарал үүслийн дүрэмтэй холбоотой олон асуудлууд гарч ирэхээр байгаа тул Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар уг хуулийг Засгийн газраас өргөн барьжээ. Өөрөөр хэлбэл,  тарифын хөнгөлөлт эдлэхийн тулд гарал үүслийн бичигтэй байх шаардлага үүсээд байгаа тул уг хуулийг УИХ хэлэлцэж байгаа юм. Өнөөдрийн хуралдаанаар гишүүдийн олонх уг асуудлыг дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Б.Туул

Холбоотой мэдээ