Хүний бодол санааг компьютерт бичих аргыг боловсруулах компани байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-03-29 13:15:22

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн бизнес эрхлэгч Илон Маск өндөр хурдны тоон систем дээр хүний бодол санааг бичих аргыг боловсруулах ажил эрхлэх шинэ компанийг байгуулахад дэмжлэг үзүүлжээ. Энэ тухай даваа гарагт  ”The Wall Street Journal” сонинд нийтлэгдсэн өгүүлэлд дурдсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, “Neuralink” гэдэг энэ компани нь 2016 оны 7 дугаар сард Калифорни муж улсад бүртгүүлжээ. Тус компани “анагаах ухааны салбарын судалгаа” явуулах бөгөөд И.Маск уг компанийг хэсэгчлэн санхүүжүүлж, цаашдаа түүний удирдлагын бүрэлдэхүүнд  багтаж магадгүй аж.

“Neuralink” компанид  “PayPal” төлбөрийн системийг үндэслэгч Питер Тиль-ийн сан хөрөнгө оруулж магадгүй гэнэ.

И.Маскийн идэвхтэй дэмжлэгтэйгээр дээрх компанийг байгуулах гэж байгаа тухай мэдээллийг Америкийн бизнесмен Макс Ходак нотолсон бөгөөд тэрбээр өөрөө “Neuralink”-ийн үүсгэн байгуулагчдын нэг болжээ. Ходакийн ярьснаар, одоогийн байдлаар уг төсөл эхлэлийн шатандаа явж байгаа аж.

Тус компанийн үйл ажиллагааны гол чиглэл нь хүний тархин дахь мэдээллийг уншин улмаар өндөр хурдны тоон систем дээр бичих технологийг боловсруулах явдал юм.

Ирээдүйд энэ арга нь хүний оюун ухааны боломжийг нэмэгдүүлэх, түүнчлэн татаж унадаг өвчин, саажилт зэргийг эмчлэх боломжийг олгоно гэж найдаж байна. “Neuralink” компани эрдэм шинжилгээний ажилтнуудаа ажилд аваад эхэлсэн ба тэдний дотор электроникийн салбарын мэргэжилтнүүд, тархи судлаачид байна.

Өмнө нь И.Маск ийм төрлийн технологи маш их ирээдүйтэй гэж нэг бус удаа ярьж байсан ба 2016 оны 8 дугаар сард тэрбээр “Twitter” хуудсандаа энэ чиглэлээр судалгаа явуулж байгаа тухайгаа дурдаж байв.

“Forbes” сэтгүүлийн сүүлийн үеийн мэдээллээр, И.Маскийн хөрөнгө 13,8 тэрбум доллароос давжээ. Тэрбээр сэргээгдэх эрчим хүч, сансрын бизнесийн хөтөлбөрт голдуу хөрөнгө оруулж байгаа аж.

И.Маск Америкийн Tesla болон SpaceX компанийг удирддаг юм. Эхнийх нь цахилгаан автомашин үйлдвэрлэдэг бол нөгөө компани нь сансарт ачаа хүргэх зөөгч пуужин зохион бүтээж байна.

О.Барс

 

Холбоотой мэдээ