Даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-29 16:34:58

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Засаг дарга захирамж гаргаж мянганы замын босоо тэнхлэгийн дагуух Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай авто замаар даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргалаа.

Засаг даргын захирамж гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэл хугацаанд хэрэгжих бөгөөд дээрх хугацаанд  авто замын хучилтын хийц гэсэж, суулт өгдөг үе үргэлжилдэг аж.

Мөн хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч нар зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн ачаа ачиж хөдөлгөөнд оролцдог нь авто замын чанарт сөрөг нөлөө үзүүлж эвдрэл, гэмтэл үүсгэх тохиолдол цөөнгүй гарчээ.

Засаг даргын захирамжийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Авто тээврийн төв, Авто тээврийн төвийн Замын-Үүд дэх салбар, “Дорноговь АЗЗА” төрийн өмчит компани, сумдын Засаг дарга нарын хамтарсан Ажлын хэсэг босоо тэнхлэгийн зам дээр хяналт, шалгалт хийхээр болов.

Хоёр жилийн өмнө Дорноговь аймгийн Гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх салбар зөвлөл тогтоол баталж босоо тэнхлэгийн засмал замыг эвдрэл гэмтлээс хамгаалах зорилгоор 44 тонноос дээш ачаа ачсан, жин тоннын хэтрэлттэй авто машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргаж байв.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ