Хөвсгөлд олон улсын стандартад нийцсэн гүйлтийн зам ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл \МОНЦАМЭ\. Хөвсгөл аймагт хөнгөн атлетикийн 400 метрийн олон улсын стандартын тартан зам ашиглалтад орлоо.
Тус аймагт орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 960 орчим сая төгрөгийн төсөвтэй хөлбөмбөгийн талбай, гүйлтийн замын ажил бүрэн дуусчээ. Резинэн гүйлтийн зам буюу таратан зам нь Монголдоо хамгийн том буюу 400 метрийн стандартын анхны зам гэнэ. Тус замыг “Дэрэн наран” компани өдөр нэмэх 25 хэмээс дээш, шөнө нэмэх 10 хэмээс дээш температурт хийж гүйцэтгэжээ. Энэхүү зам ашиглалтад орсноор олон улсын тэмцээн наадам, дэлхийн аваргын тэмцээнийг ч орон нутагт зохион байгуулах боломж бүрдэж байгаа ажээ.
Өмнө нь аймгийн баяр наадам зохион байгуулагддаг байсан талбай ийнхүү стандартын тэмцээн наадам байгуулах төв болсноор баяр наадмын талбайг Мөрөн сумын хойд захад нүүлгэн шилжүүлэхээр болжээ.
Б.Гантуяа