ДЭМ-ын байгууллагын суурин төлөөлөгч Төв аймагт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Доктор Су Нюунт–У болон албаны хүмүүс Төв аймагт ажиллаж, “Сум, баг бүрт хүрч үйлчилье” төслийн үр дүн болон “Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөр 2017-2021”-н үйл явцтай танилцлаа.
“Сум, баг бүрт хүрч үйлчилье” төсөл хэрэгжсэнээр зорилтот бүлгийн 16075 иргэнд эрүүл мэндийн анхан шатны болон нийгмийн халамжийн суурь тусламж, үйлчилгээг үзүүлсэн байна. Хүрч үйлчлэхэд бэрхшээлтэй хүн амд эрүүл мэнд, нийгмийн халамж, хамгааллын тусламж үйлчилгээг цогцоор нь хүргэж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэхэд уг төслийн зорилго харагдаж байгаа гэж Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Мөнхтуяа онцолсон юм.
Нөхөн дархлаажуулалтад 16 сумын 30 хүүхдийг хамруулж, тураалтай 62, сульдаатай 59, өсөлтийн хоцрогдолтой 62 хүүхдийг илрүүлж хяналтад авсан төдийгүй түр оршин сууж байгаа болон явуулын иргэдийг илрүүлж тэднийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулсан гэдгийг албаны хүмүүс мэдээллээ.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюунт-У хэлэхдээ “Төслийг хэрэгжүүлснээр эх хүүхдийн нярайн эндэгдэл буурч, хүүхдийн өсөлтийг дэмжиж, жирэмсний эрт үеийн хяналтыг эрчимжүүлсэн байна” гэдгийг тодотгосон юм. суурин төлөөлөгч цаашид 21 аймагт ажиллаж, эрүүл мэндийн дэд хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж, үүрэг чиглэл өгөх аж.
Мөн Төв аймагт оруулсан бодитой хувь нэмрийг өндрөөр үнэлж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч доктор Су Нюунт-У-г аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг аймгийн Засаг дарга Ж.Батжаргал гардууллаа. Түүнчлэн аймгийн Эрүүл мэндийн газраас “Хүндэтгэлийн дэвтэр”-ийг шинээр нээж, анхны хүндэт иргэн болох суурин төлөөлөгч доктор Су Нюунт У-гаар сэтгэгдлээ бичиж гарын үсгээ үлдээлээ.
Т.Есүхэйтөмөр