Бага ангийн багш нарыг чадавхжууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-03-30 21:29:23

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн БСУГ-аас Боловсролын багц хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх хэрэгцээт сургалтыг үе шаттай зохион байгуулж байна.

Энэ хүрээнд бага боловсролын багш нарын онолын мэдлэг, туршлагыг сайжруулах зорилготой хэрэгцээт сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд үүнд аймгийн хэмжээний 125 бага ангийн багш хамрагдаж байна. Бага ангийн багш нар уг сургалтанд хамрагдсанаар монгол хэл, математик, байгалийн ухааны хичээлийн онолын мэдлэгээ дээшлүүлэх, ээлжит хичээлийг хэрхэн чанаржуулах талаар мэдлэг, ойлголттой болох аж.

“Увс аймгийн боловсролын салбарт дэвшилттэй зүйл их байсан ч масс сургалт орхигдсон гэж хэлж болно. Учир нь цөөн хэдэн багш, сурагчдын гаргасан амжилтаар боловсролын чанарыг тодорхойлдог байсан. Иймд цаашид ангийн хүүхэд нэг бүр ижил түвшинд сурч боловсрох сургалтыг нэвтрүүлэх хэрэгтэй. Үүний тулд багш бүр мэдлэг, ур чадвартай байхаас гадна шинэ санаачлага гаргадаг байх нь чухал” хэмээн аймгийн БСУГ-ын бага боловсрол хариуцсан ажилтан онцоллоо.

  Б.Батхүү

Холбоотой мэдээ