Израиль улс Баруун эрэгт шинэ суурин барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-03-31 12:18:14

ИЕРУСАЛИМ./BBC/. Иордан голын Баруун эрэгт сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаагаа суурин барьж эхэлнэ гэдгээ Израиль улс мэдэгдлээ. Израилийн Аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар ийм шийдвэр гаргасан бөгөөд сууринг Палестины Наблус хотоос холгүй байгуулах аж.

Тус сууринд Израилийн шүүхийн шийдвэрээр албадан нүүлгэсэн Амона гэдэг бяцхан суурингийн оршин суугчдыг суурьшуулахаар төлөвлөсөн байна. Амона суурин нь Палестины газар нутаг дээр хууль бусаар оршиж байна гэж шүүх үзсэн бөгөөд нүүлгэн шилжүүлэх үеэр оршин суугчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болжээ.

Харин палестинчууд шинэ суурин барих тухай шийдвэрийг буруушааж, энэ асуудалд оролцохыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна.

1967 оны Зургаан өдрийн дайны явцад Израилийн эзэлж авсан Иордан голын Баруун эрэг болон Зүүн Иерусалимийн 140 сууринд 500 мянга орчим еврейчүүд амьдардаг байна. Эдгээр суурингууд нь олон улсын эрхзүйгээр хууль бус гэж тооцогддог боловч Израиль үүнийг эсэргүүцдэг юм. Он гарснаас хойш Израиль улс суурингуудаа тэлэх төлөвлөгөөгөө хэд хэдэн удаа зарласан нь палестинчуудын дургүйцлийг хүргэсэн байна.

Энэ оны нэгдүгээр сарын сүүлчээр Израилийн Батлан хамгаалах яам 2,5 мянган орон сууцыг Баруун эргийн еврейчүүдийн суурингуудад нэмж барина гэж мэдэгдсэний дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч хэлэхдээ “НҮБ уг үйлдлийг хууль бус гэж үзэхийн зэрэгцээ энх тайван тогтооход саад болж байна гэж үзэж байна” гэжээ.

Б.Мишээл

 

 

Холбоотой мэдээ