Цэцэрлэгийн хүүхдүүд малчдад тусламж үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-31 23:59:03

Хөвсгөл \МОНЦАМЭ\ Хөвсгөл аймгийн Галт сумын хүүхдийн цэцэрлэгийн хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрсдийн санаачлагаар хүүхдүүдтэйгээ болон тэдний эцэг эхчүүдтэй хамтран сайн үйлсийн аянг зохион байгуулж сумынхаа 4 багийн 5 өрхөд 800 гаруй мянган төгрөгийн эд, материалын дэмжлэг үзүүлж нэг өдрийн ажилд нь туслаж сайн үйлсийн аяныг өрнүүлжээ.

Энэхүү аяны хүрээнд бяцхан хүүхдүүд багш нарынхаа хамт малчин айлд хүрэлцэн очиж, нэг өдөр тэдний ажилд нь туслалцаж, хэрэгтэй зүйлсийг дэмжлэг болгон өгч малчин иргэддээ өөрсдийн сурсан дуу шүлгээ уншин өгч сэтгэлийн дэмийг хүргэжээ. Бяцхан хүүхдийн сэтгэл шингэсэн арга хэмжээнд талархсан малчид хүүхдүүдэд мал маллах арга ухаан, ёс заншилтай танилцуулж монгол ухаан өв соёлоо дээдэлсэн иргэд болохыг ерөөж байлаа.

“Галт сум өнгөрсөн онд “Хүүхдэд ээлтэй шилдэг сум”-аар шалгарсан нь эцэг эх, багш, хүүхдүүдийн хамтын оролцоо нэгдмэл байдаг нь гол үзүүлэлт болсон. Цаашид ч хүүхдээ дээдэлсэн олон арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэдгийг цэцэрлэгийн эрхлэгч Д.Түвшинбаяр онцлон тэмдэглэж байлаа.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ