Ахмадууд хөрш орны ахмадын байгууллагын баярт оролцоод ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-01 23:05:48

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны дарга Р.Ганхуяг даргатай ахмадуудын баг ОХУ-ын Буриад Улсын Хиагтын районы Ахмадын байгууллага үүсэж байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээнд оролцоод иржээ.

Өчигдөр буюу 3-р сарын 31-ний өдөр болсон уг арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны дарга Р.Ганхуяг, Дархан-Уул аймгийн Ахмадын хорооны дарга Д.Энхтайван, Орхон аймгийн Ахмадын хорооны дарга М.Амаржаргал, Улаанбаатар хотын Багануур дүүргийн Ахмадын хорооны дарга н.Мядаг нарын тэргүүтэй Ахмадын байгууллагуудын төлөөлөгчид оролцсон байна. Монголын ахмадын төлөөлөгчид ОХУ-ын Буриад Улсын Хиагтын районы Засаг дарга А.В.Буянтуев, ИТХ-ын дарга В.Ж.Цыремпилов, Хиагт хотын дарга Е.В.Степонов, Ахмадын хорооны дарга Ц.Р.Очиров нартай уулзаж, 2017 оны 02-р сард байгуулсан хамтын ажиллагааны гэрээгээ баталгаажуулсан байна. Ахмадууд хөрш орныхоо ахмадын байгууллагын 30 жилийн ойн баярын хуралд оролцож, Хиагтын районы ахмадуудын концерт үзэхийн зэрэгцээ баярын хүндэтгэлийн хүлээн авалтанд оролцсон аж.

Баярын хурлын үеэр чөлөөт ярилцлага явагдаж, хоёр орны Ахмадийн байгууллагуудын харилцаа хамтын ажиллагааг улам идэвхжүүлж ажиллахаар олон талын санал санаачилга гарсан байна. Ойн арга хэмжээтэй холбогдуулан дээрх аймгуудын ахмадын хороодууд Хиагтын районы нэр бүхий 11 хүнийг өөрсдийн шагналаар шагнаж, бэлэг дурсгалын зүйлс гардуулан өгчээ. Энэ явдал нь хоёр орны ард иргэдийн найрамдал, нөхөрлөл, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлж буй үйл ажиллагааны нэгэн илрэл болж байгаа юм.  

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ