Малын махыг гадаад зах зээлд гаргаж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 14:11:00

Архангай аймгийн хүнс ХАА-н газраас хонины махыг БНХАУ-д, ямааны махыг БНСВУ-д үхэр, адууны махыг ОХУ-д гаргах бодлогыг барьж, малын үүлдэр угсааг сайжруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэс дараалалтайгаар авч байгаа гэж хүнс ХАА-ын дарга Ч.Баасанжав мэдэгджээ.

"Архангай аймаг хамгийн олон мал сүрэгтэй, хамгийн олон хоньтой, хамгийн олон үхэртэй. Түүнээс гадна унаган төрхөөрөө байгаа онгон байгальтай, хамгийн олон гол горхитой. Энэ бүхэн малын нь идэж байгаа өвс соргог, ууж буй ус нь цэнгэг, долоож буй хужир шүү чанартай гэдгийг харуулж байна. Тийм ч учраас монголын томоохон хотын оршин суугчид төдийгүй гадаадын өндөр хөгжилтэй орнуудын учир мэдэх хүмүүс монголын таван хошуу малын махыг сонирхож байна. Түүгээр ч барахгүй япон, солонгос зэрэг улс монгол хүний иддэг хоол, уудаг ундны зүйлсийг улам гүнзгий судалдаг юм" хэмээн аймгийн хүнсчдийн холбооны тэргүүн И.Ням-Осор сонирхууллаа.

Заримыг дурьдвал, япон улсад монголын борцоор хийсэн гурилтай шөлийг, солонгос оронд хонины яснаас гаргаж авсан шөл, цайг хэрэглэж байгаа аж. 

Цэцэрлэг хот дахь Тайж групын харъяа “Хангайн хүнс" ХХЗ-ий мах боловсруулах үйлдвэр солонгосд шулсан, БНХАУ-д дайвар бүтээгдэхүүнээ, ОХУ-ын ” “Буриадмясопром” нэгдэлд гулуузаар нь малынхаа махыг гаргадаг. Тус үйлдвэр хятад улсын Шандун хотын тоног төхөөрөмжөөр тоноглогдож, Голланд улсын шулалгааны технологийг нэвтрүүлсэн гэж энэхүү үйлдвэрийн гүйцэтгэх захирал Л. Ганцэцэг тодотголоо.

             

                                                                                        Архангай аймаг Л.Булган 

Холбоотой мэдээ