Си-Трампын уулзалт Хятад-Америкийн харилцааны өнгө аясыг тодорхойлно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-03 10:18:27

БЭЭЖИН./Xinhua/.БНХАУ-ын дарга Си Зиньпин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын удахгүй хийх гэж буй анхны Дээд хэмжээний уулзалт нь Ази-Номхон далайн бүс нутаг төдийгүй бүх дэлхийн хөгжил цэцэглэлтэд чухал ач холбогдолтой БНХАУ-АНУ-ын ирээдүйн хөгжил, цаашдын харилцааны өнгө аясыг тодорхойлно.

Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд бужигнаантай байсан БНХАУ-АНУ-ын харилцааг бэхжүүлэх томоохон боломж учир дэлхийн тэргүүлэх хоёр эдийн засгийн удирдагчдын уулзалтад шинжээчид ихээхэн ач холбогдол өгч байна.

Аз болоход, БНХАУ болон АНУ санал зөрөлдөөнтэй байсан хэдий ч аливаа асуудлыг харилцан ойлголцлын замаар шийдвэрлэхийг ямагт эрмэлзэж, санал зөрөлдөөнөө хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэж, хоёр талын харилцааг тогтвортой байлгаж, бүс нутаг болон дэлхий дахины энх тайван байдлыг хангахын төлөө харилцан хүчин чармайлт гаргасаар ирсэн билээ.

Хоёр талын харилцан ашигтай бөгөөд үр өгөөжтэй харилцаа, хамтын ажиллагааг бий болгохоор энэ оны хоёрдугаар сарын 10-нд хоёр улсын удирдагчид утсаар ярих үеэрээ тохиролцсон юм. Д.Трамп өмнөх байр сууриа өөрчлөн “Нэг Хятад” бодлогыг АНУ-ын засаг захиргаа хүндэтгэнэ гэж БНХАУ-ын даргад хэлсэн билээ.

Мөн үл сөргөлдөх, үл зөрчилдөх зарчмын дагуу харилцаагаа бэхжүүлж, харилцан ашигтай хамтран ажиллахаар талууд тохиролцсон юм.

Түүнчлэн, хамтын ажиллагаа бол БНХАУ-АНУ-ын найрсаг харилцаанаас хөгжлийн боломжуудыг бий болгох “цорын ганц зөв сонголт” гэдэг дээр талууд санал нэгдсэн.

Тус хоёр улсын удирдагчдын энэ долоо хоногийн сүүлчээр хийх нүүр тулсан уулзалт нь хоёр эрхмийн хувьд харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг бэхжүүлэх сайхан боломж юм.

Төрийн тэргүүн нар хоорондын бат бөх харилцаа нь хоёр улс хоорондын харилцааг бэхжүүлэхэд маш чухал үүрэгтэй байдаг.

БНХАУ болон АНУ бол маш ихээр даяарчлагдсан дэлхий ертөнцийн чухал нэг хэсэг юм. Д.Трампын засаг захиргааны хувьд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, дэд бүтцийг сэргээх зэрэг нь дотоодод тулгамдсан гол асуудлууд билээ.

АНУ БНХАУ-тай худалдаа, эдийн засгийн нягт харилцаатай байснаараа эдгээр асуудлаа шийдвэрлэх боломжтой. Энэ чухал ач холбогдолтой харилцааг нь бусниулах хүчин зүйлс хоёр талын аль алиных нь хувьд харьцангуй бага байна.

Дэлхийн асуудлын хувьд дэлхийн дулаарал, терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэг, мансууруулах бодис худалдаалах болон дэлхийн энх тайван, хөгжлийг хангах зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тус хоёр улс урьд урьдынхаас  илүү хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Хамтран ажиллахгүй бол зардал маш өндөр гарах нь ойлгомжтой.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ