Үлгэрч сурагч шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-04-03 13:02:54

  Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3-р сургуулиас 5 дахь жилдээ “Улаангом сумын Үлгэрч сурагч” шалгаруулах уралдааныг зохион байгууллаа.

Энэхүү уралдаан нь үлгэрээр дамжуулан хүүхдийг хүмүүжүүлэх, оюун ухаан, хэл яриаг нь хөгжүүлэх ач холбогдолтой байна. Жил ирэх тусам оролцох хүүхдүүдийн тоо нэмэгдэж, тэр хэрээр хүүхдүүдийн үлгэр унших ур чадвар дээшилж байгааг зохион байгуулагчдын зүгээс онцолсон юм. Аймгийн төвийн зургаан сургуулийн сурагчдын дунд Монгол ардын үлгэр, орон орны үлгэр гэсэн хоёр шаттайгаар явагдсан энэхүү уралдааны 1-5-р ангид 1-р байрыг Ахлах 3-р сургуулийн 2в ангийн сурагч Б.Бүжидмаа, 2-р байрыг Цогцолбор 1-р сургуулийн 5б ангийн сурагч Д.Номинзаяа, 3-р байрыг Увс-Эрдэм ахлах сургуулийн 4а ангийн сурагч С.Мишээл нар эзэлсэн байна. Харин 6-9-р ангийнд Цогцолбор 1-р сургуулийн 7а ангийн сурагч Х.Энхболор, Ахлах 3-р сургуулийн 6б ангийн сурагч Б.Буянхишиг, Цогцолбор 1-р сургуулийн 8 а ангийн сурагч Д.Ариунзаяа нар шалгарчээ. Таван жилийн хугацаанд “Улаангом сумын шилдэг Үлгэрч хүүхэд”-ээр нийтдээ 44 хүүхэд тодроод байгаа аж.

“Үлгэр нь хүүхдийн хэл яриа, сэтгэхүйг хөгжүүлж, хүүхдийн хүмүүжилд чухал нөлөө үзүүлдэг гэдгийг эцэг эхчүүд бүгд мэддэг хэрнээ хүүхэддээ үлгэр уншиж, ярьж өгөх нь тун ховор. Үлгэр уншиж, ярьж өгөх нь тэдний хувьд эцэг эхтэйгээ байх хамгийн дотно мөч бөгөөд хүүхдээсээ элдэв зүйлс шаардахын оронд үлгэрээр дамжуулан хүмүүжүүлэх нь чухал. Энэ үүднээс энэхүү уралдааныг жил бүр зохион байгуулж байна” хэмээн тус сургуулийн Номын санч О.Баясгалан хэллээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ