Сэтгэл гутралын эмчилгээнд зориулсан нэг ам.доллар бүрийн өгөөж нь 4 дахин өсдөг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-04-07 13:29:02

Дэлхий нийт жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг “Дэлхийн эрүүл мэндийн өдөр” хэмээн тэмдэглэдэг уламжлал тогтсон бөгөөд энэ жил уг өдрийг “Сэтгэл гутралын тухай хамтдаа ярилцъя” уриан дор тэмдэглэж байна.

ДЭМБ-аас дэлхий нийтээр сэтгэл гутрах эмгэгт анхаарал хандуулах зорилгоор энэ уриаг дэвшүүлжээ. Дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг бөгөөд 40 секунд тутамд нэг хүн амиа егүүтгэж байна. Харин Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудад сэтгэцийн эмгэгээр өвдсөн 100 сая гаруй хүн байдаг бөгөөд өдөрт 500 хүн амиа егүүтгэдэг тухай ДЭМБ-аас мэдээлсэн.

Тус байгууллагаас Номхон далайн баруун эргийн бүсийн 15 орныг зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтаар ихээс нь бага руу нь эрэмбэлэхэд Монгол улс VII байрт оржээ. Мөн сэтгэл гутрах эмгэгийн тархалтаар Австрали, Шинэ Зеланд улсын дараа III байрт, 100 мянган хүн амд амиа егүүтгэн нас барах тохиолдлын тоогоор VI байрт тус тус бичигджээ.

Дэлхийн 17 оронд явуулсан сэтгэцийн эрүүл мэндийн судалгаанд 20 хүн тутмын нэг нь сүүлийн нэг жилийн дотор сэтгэл гутралд орж байгааг ч тэмдэглэжээ. Сэтгэл гутрал голдуу залуу насанд эхэлдэг учраас хүний нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж удаан хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлд оруулдаг. 

Монгол Улсын хувьд хөдөлмөрийн чадвар алдсан нийт иргэдийн 15 хувийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзлэдэг. Үүний 2,3 хувийг сэтгэл гутрах эмгэг эзэлж байна. Мөн 2013 онд манай улсад хийсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар 6.6 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй байв.

Ингэж сэтгэл гутрах эмгэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоог нэмэгдүүлдэг төдийгүй сэтгэл гутралын сөрөг үр дагавар нь амиа егүүтгэх явдал юм. Манайд 1992-2013 онд хийсэн судалгаагаар жил ирэх тутам амиа егүүтгэх тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Энэ нь нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотой гэдэг нь илэрхий бөгөөд сэтгэл гутрах эмгэг дэлхийн дахинд болон манайд түгээмэл тархсан сэтгэцийн эмгэг болсон төдийгүй сэтгэл гутрал ихсэн даяаршиж байна. Сэтгэл гутралд өртсөн хүмүүст тохирсон тусламж үйлчилгээг авч чадахгүй байгаа юм.

Өнөө үед сэтгэл гутралыг илүү үр дүнтэй эмчилдэг ч эмгэгт өртөгсөдийн хагас нь л эмчилгээ авдаг. Энэ нь иргэдийн эрүүл мэндийн талаар мэдлэг, мэдээлэл, тусламж үйлчилгээ үзүүлж буй бэлтгэгдсэн хүний нөөцийн чадавхи болон нийгмийн гадуурхалтай холбоотой юм. Тиймээс ч дэлхий нийт “Сэтгэл гутрал” хэмээх тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулж, хүн амд энэ тухай ойлгуулахад энэ өдрийн үйл ажиллагаа  чиглэж байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн  ассамблейн 2013 оны тавдугаар сард хийсэн зөвлөмжид “Сэтгэл гутралын эсрэг бүх улс оронд цогц, зохион байгуулалттай арга хэмжээ авах”-ыг уриалсан байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ