Цэцэрлэгийн багачууд ургацаа хураалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 18:13:09

Дорнод аймгийн Хэрлэн сумын 12-р цэцэрлэгийнхэн өнөөдөр ургацаа хураалаа. Энэ жил  тэд цэцэрлэгийнхээ хашаан дотор ногооны талбай болон хүлэмжиндээ төрөл бүрийн хүнсний ногоо тарьж ургуулсан юм.

Ингэхдээ зүгээр ч нэг тарьснаа хураагаад авчихсангүй, хүүхэд багачууддаа хүнсний ногоог тарьж ургуулахаас эхлээд хурааж авах, цаашлаад  хүний биед ямар ач тустай болох талаар цэгцтэй ойлголт өгч, туршилт, танин мэдэхүйн мэдлэгийг нь ч баяжуулаад авчээ. Өөрсдийн гараар тарьж ургуулсан ногоогоо багш, ажилтнууд, хүүхэд багачууд хамтран хураан авч, ургацын баяраа тэмдэглэв. Тэд жимсний модноосоо үрэл 60кг-ийг, хүлэмжнээс нийт 170 кг өргөст хэмх, 40 кг улаан лооль, Төмс, лууван, шар, хүрэн манжин, ногоон сонгино зэрэг хүнсний олон төрлийн ногоог чамгүй хэмжээгээр хураан авав. Хүүхдүүдийнхээ хоол хүнсийг эрүүл, чанарын баталгаатай жимс, ногоогоор хангахын тулд цэцэрлэгийнхээ хүнсний хангамжид бага ч болов нэмэрлэлээ. Энэ нь тарьснаа идэж, ууж хэрэглэхээс гадна хамгийн гол нь хүүхдүүдэд танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой ажил юм. Одоо хүйтэн сэрүүний улирал эхэллээ. Ханиад томуунаас сэргийлэхийн тулд төрөл бүрийн амин дэмтэй салат, жүүс бэлтгэн хүүхдүүддээ өгч байна гэж тус цэцэрлэгийн эрхлэгч Г.Алтансувд ярьж байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ