К.Илюмжинов FIDE-гийн ерөнхийлөгчийн албан тушаалд хэвээр үлдлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА. /TASS/. Олон улсын шатрын холбооны /FIDE/ ерөнхийлөгч Кирсан Илюмжинов ерөнхийлөгчийн албан тушаалд хэвээр үлдэх боловч ажил үүргээ нэлээд хязгаарлагдмал байдалд гүйцэтгэхээр болжээ. Уг хязгаарлалтууд нь FIDE-гийн санхүү, хууль эрх зүй, ажил хэргийн хүрээг хамаарч байгаа юм. Афинд даваа гарагт болсон FIDE-гийн ерөнхийлөгчийн зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар ийм шийдвэр гаргасан байна.
К.Илюмжиновын хувьд өөрчлөгдсөн зүйлүүд байхгүй бөгөөд хязгаарлалтууд үйлчилж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байгаа аж. 2015 оны 12 дугаар сард тэрбээр эрх үүргийнхээ зарим хэсгийг дэд ерөнхийлөгч Георгиос Макропулос-т сайн дураараа шилжүүлэх санал гаргаж байжээ. Үүний цаад шалтгаан нь К.Илюмжиновын нэрийг АНУ-ын хоригийн жагсаалтад оруулсан явдал бөгөөд энэ нь тус байгууллагад хохиролтой тусч магадгүй байсан юм.
FIDE-гийн дэд ерөнхийлөгч Борис Кутины /Словен улс/ хэлснээр, даваа гарагт Афинд ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд бүгд 100 хувийн саналаар К.Илюмжиновыг албан тушаалд нь хэвээр ажиллуулахыг дэмжсэн байна. “Хурал тун найрсаг уур амьсгалд болж өнгөрсөн, Кирсаны эсрэг ямар нэгэн хуйвалдаан болоогүй, харин ч эсрэгээрээ бүгд түүнийг дэмжин 2018 он хүртэл албан тушаалд нь хэвээр үлдээхийн төлөө саналаа өгсөн” гэж Кутин тэмдэглэн хэллээ.
О.Барс