Бүсийн зөвлөгөөнийг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-23 11:03:41

“Эх, хүүхдийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар” бүсийн зөвлөгөөнийг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тэрбээр, "Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгая. Өнөөдөр УИХ-ын даргын ажлын алба, НҮБ-ын Монгол дахь Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлдэг төслийн хүрээнд “Эх хүүхдийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар” сэдэвт зөвлөгөөнийг хамтран зохион байгуулж байна. Зөвлөгөөнд Эрүүл мэнд, спортын яам, АШУҮИС, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон нийслэлийн 9 дүүрэг, Архангай, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-уул,  Өмнөговь, Дундговь, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар, эх нялхасын мэргэжлийн эмч нарын төлөөлөл оролцож байна. Энэ зөвлөгөөнийг өмнө нь ЭМСЯ, УИХ-ын даргын ажлын алба, НҮБ-ын ХАС-аас эрхлэн баруун болон зүүн бүсийн аймгуудыг оролцуулан зохион байгуулсан. Өнөөдрийн энэ зөвлөгөөн өнгөрсөн 9 дүгээр сарын эцэст НҮБ-аас Мянганы хөгжлийн зорилтыг дүгнэж, “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийг баталсан, Монгол Улсын Их Хурал 2016 оны төсөв  хэлэлцэж буй цаг үед болж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

УИХ-ын даргын ажлын алба Хүн амын сангийн төслөөр өнгөрсөн онд нийслэл, аймгуудыг хамарсан “Эхийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж, нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, эрэлт хэрэгцээг тодорхойлох, улсын төсвийг нэмэгдүүлэх” чиглэлээр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран томоохон судалгааг хийж Эрүүл мэнд, спортын яамнд хүлээлгэн өгсөн байгаа. Өнөөдөр энэ судалгаанд үндэслэн эсэн мэнд амаржихуйн асуудлаар  мэргэжлийн байгууллагууд илтгэл тавьж, аймгууд мэдээлэл хийх юм.

Тодорхой судалгаанд үндэслэж асуудлыг оновчтой дэвшүүлэх нь төсөв, хөрөнгийг зөв төлөвлөж, үр ашигтай зарцуулахад маш чухал үүрэгтэй. Төр засгаас сүүлийн жилүүдэд Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтын хүрээнд  эх, нярайн эрүүл мэндийг сайжруулж, эндэгдлийг тогтвортой бууруулах, төрөлтийг дэмжих бодлого, арга хэмжээг тууштай хэрэгжүүлж ирсэн. Бодитой үр дүнд хүрсэн гэдгийг гардан ажилладаг хүмүүсийн хувьд та бүхэн сайн мэдэж байгаа. 2000 онд жилд 40.000 эх төрж байсан бол 2014 онд 81.000  гаруй эх төрж, төрөлтийн тоо 15 жилийн өмнөхтэй харьцуулахад 2 дахин нэмэгдэж 2015 онд монголчууд бид 3 сая дахь иргэнээ өлгийдөж авсан. Эх нярайн тусламж үйлчилгээний  чанар, хүртээмж сайжирч,  эхийн эндэгдлийг 1990 онтой харьцуулахад  6 дахин бууруулж чадлаа. Нялхсын эндэгдлийн хувьд ихээхэн ахиц дэвшил гарч, 1990 онд 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийн түвшин 65.4 байсан бол 2014 онд 15.3 болж 4.3 дахин буурсан байна. 1000 амьд төрөлтөд ногдох 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 онд 97.2 байсан бол 2014 онд 18.4 болж 5.3 дахин буурч Монгол Улс 2014 оны байдлаар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 4 дахин бууруулах зорилтоо бүрэн хэрэгжүүллээ. Энэ бүхэн эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа Та бүхний хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг онцлон тэмдэглэж эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө зүтгэж байгаа монголын нийт эмч, сувилагч, асрагч нартаа баяр хүргэе.

Хэдийгээр ийм амжилт байгаа ч  “Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө” уриан дор нялхас, тав хүртэлх насны хүүхдийн сэргийлж болох өвчлөл, эндэгдлийг бууруулах, эцэг, эх, гэр бүлийн гишүүд, хүүхэд асран хамгаалагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хөдөө орон нутаг, анхан шатны эмнэлгүүдийг хүүхдийн эмчээр хангах, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, нөхөн үржихүйн эрүүл мэндийн шаардлагатай тусламж үйлчилгээг хүн бүрт хүргэж, эхийн эрүүл мэндийг сайжруулах асуудлыг төр засгийн анхаарлын төвөөс хэрхэвч гаргаж болохгүй. Тийм учраас миний бие УИХ-ын намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ  НҮБ-аас баталсан  “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийн хүрээнд “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийг боловсруулж Улсын Их Хурлаар батлуулах үүргийг Засгийн газарт өгсөн байгаа. Энэхүү хөтөлбөрт Мянганы хөгжлийн зорилтод эх хүүхдийн эрүүл мэндийн талаар дэвшүүлж хэрэгжүүлсэн зорилго, зорилтыг  үргэлжлүүлэн тусгах нь зүйтэй гэж үзэж байгаа тул хүрэх зорилт, шалгуур үзүүлэлтийг оновчтой боловсруулахад Эрүүл мэнд, спортын яам одооноос анхаарч ажиллах хэрэгтэй.

Сүүлийн жилүүдэд төр засгаас эх хүүхдийн эсэн мэнд амаржихуйн асуудалд онцгойлон анхаарч нийслэл, аймгуудад төрөх, амаржих газрыг шинээр барих, өргөтгөх, тоног төхөөрөмжөөр хангахад багагүй анхаарч байгаа ч судалгаанаас үзэхэд бодит хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж чадахгүй байна. Сумын Эрүүл мэндийн төвүүдийн тоног төхөөрөмж, эх баригч эмч,  нярайн болон хүүхдийн эмч, сувилагчдын дутагдалтай байдлаас болж 2000 оноос төрөх эхчүүдийг  аймаг, нийслэлийн төрөх, амаржих газруудад төвлөрүүлж төрүүлдэг тогтолцоо хэвээрээ байна. Энэ нь нэг талаас эх хүүхдийн эсэн мэнд амаржих нөхцлийг хангаж байгаа хэдий ч аймаг, нийслэлээс алслагдсан сум, тосгоны эхчүүдэд ихээхэн төвөг учруулж байгааг иргэд шүүмжилдэг. Тийм болохоор сумын Эрүүл мэндийн төвүүдэд эхчүүдийг төрүүлэх бодлогыг дэмжих үүднээс мэргэшлийн эмч, сувилагчдаар хангах, шаардлагатай санхүүжилтийг төлөвлөж, тоног төхөөрөмжийг нийлүүлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Улсын хэмжээнд баригдаж эхэлсэн төрөх эмнэлэг, амаржих газрыг  дуусгах, шинээр барих, өргөтгөх ажлыг зөв төлөвлөж хэрэгжүүлэх хэрэгтэй. Ялангуяа эх хүүхдийг эрсдэлээс хамгаалахад шаардлагатай тоног төхөөрөмж, эм хэрэгсэл, урвалж, материалын хангалтыг тасралтгүй нэмэгдүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн багцад эх хүүхдийн эрүүл мэндтэй холбогдсон санхүүжүүлэлтийг тусгай ангилалаар төлөвлөж байх тухай эмч мэргэжилтнүүдийн саналыг Эрүүл мэнд, спортын яам, Сангийн яам анхааралдаа авах хэрэгтэй. Өртөг зардлын нарийвчилсан судалгаа хийж санхүүжилтийг бодит хэрэгцээнд нийцүүлэх шаардлага ч байгааг онцлон тэмдэглэж байна.  

Энэхүү зөвлөгөөн дээр гарсан санал, шүүмжлэлийг Эрүүл мэнд, спортын яам, Улсын Их Хурлын холбогдох байнгын хороо, эрхэм гишүүд анхааралдаа авч ажиллана гэдэгт итгэж байна.  

Та бүхэнд ажил үйлс нь өөдрөг байхын ерөөл өргөж, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа" гэлээ.

Холбоотой мэдээ