Зөвлөлдөх санал асуулгад 1570 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар сонгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-04-13 03:47:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар зохион байгуулах Зөвлөлдөх санал асуулгад оролцох 1570 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар сонгож дууссан гэдгийг өнөөдөр Зөвлөлдөх зөвлөл, ҮСХ-ноос мэдээлэв.

Одоогоор Нийслэл, аймаг, сумдын Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах анхан шатны нэгжүүд сонгогдсон иргэдийн нийгмийн бүлэг, боловсролын байдал зэргийг нэгтгэж байгаа аж. Дээрх иргэдийг сонгохдоо нийслэл, аймаг, сумдын хүн амын тоонд тулгуурлан оролцох иргэдийн тоог хувиарлажээ. Тухайлбал, Нэг сая 363.1 мянган хүн амтай нийслэлээс 720 хүн оролцох бол хамгийн бага буюу 16.6 мянган иргэнтэй Говьсүмбэр аймгаас 10 хүн оролцох юм. Ингэхдээ нийслэл, аймаг, сумдын Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах анхан шатны нэгжүүд санамсаргүй түүврийн аргаар сонгосон байна. Удахгүй Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулах бөгөөд үр дүнд нь тулгуурлан 785 иргэнийг энэ сарын 29-30-нд Төрийн ордонд урьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг ҮСХ ирэх сарын 05-ны дотор нэгтгэн дүгнэж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд зөвлөмж хүргүүлэх аж. Төрийн байгуулалтын байнгын хороо иргэдийн саналыг нарийвчлан хэлэлцэх юм.

Зөвлөлдөх санал асуулга нь төрийн бодлого шийдвэрт иргэдийн саналыг тусгах хамгийн боломжит хувилбар гэдгийг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам, Ардын Их хурлын депутат Д.Чойжамц онцлов. Тэрбээр нийслэлийн НЗДТГ-аас 2015 онд зохион байгуулсан “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулгын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан туршлагатай юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ