Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны кампанит ажил Өмнөд Солонгост албан ёсоор эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-04-17 12:15:04

СӨҮЛ. /TASS/. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны кампанит ажил Өмнөд Солонгост албан ёсоор эхэллээ. Энэ кампанит ажил 22 хоног үргэлжилж, 5 дугаар сарын 9-нд товлогдсон санал хураалтаас нэг хоногийн өмнө дуусах юм. Энэ тухай Үндэсний сонгуулийн комисс мэдээллээ.

Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө 2007 оныхтой адил 15 нэр дэвшигч өрсөлдөх ажээ. Нэр дэвшигчдээс хамгийн нэр хүндтэй нь “Тобуро” гэдэг нэртэй Либерал-Ардчилсан намын тэргүүн асан Мун Жэ Ин, төвийг сахих үзэл баримтлалтай Ардын намын төлөөлөгч Ан Чол Су нар байгаа юм. Хамгийн сүүлд явуулсан социологийн судалгаагаар, Мун Жэ Ин-ийг санал асуулгад оролцогчдын 40 хувь нь дэмжиж байгаа бол түүнтэй ойролцоо яваа өрсөлдөгчийг 37 хувь нь дэмжиж байгаа аж.

Бусад нэр дэвшигчид энэ хоёр хүнээс хол хоцорч яваа юм. Солонгосын эрх чөлөөний намын Хон Жун Пхё-г санал асуулгад оролцсон хүмүүсийн 7 хувь, Шударга ёсны намын Сим Сан Жон-ыг 3 хувь, “Парын” намын Ю Сын Мин-ийг 3 хувь нь дэмжиж байгаа аж. 

Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлснээр нэр дэвшигчид хотын гудамжинд 96,4 мянган ширхэг баннер байрлуулж, сонгогчдод 23 сая хүртэлх тооны захидал илгээж болохоос гадна телевизээр өөрийгөө сурталчлах 30 хүртэлх минутын дүрст сурталчилгаа хийх боломжтой болох юм.

Сурталчилгааны зардлыг нэр дэвшигчид өөрсдөө эсвэл тэдний төлөөлж буй улс төрийн нам нь гаргах ёстой аж.

Хуульд зааснаар сонгуулийн кампанит ажилд 50,9 тэрбум воноос /44,59 сая доллар/ ихгүй мөнгийг зарцуулахыг зөвшөөрдөг байна. 15 хувь болон түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчдэд сонгуульд зарцуулсан мөнгийг нь төрөөс буцаан олгодог бол 10-аас 15 хувийн санал авсан хүмүүст гаргасан зардлынх нь тэн хагасыг өгдөг ажээ. Харин 10 хувиас доош санал авсан нэр дэвшигчид мөнгө буцаан олгодоггүй гэнэ.
О.Барс 

 

 

 


Холбоотой мэдээ