Осол, хэрэг ихээр гардаг хүчин зүйлсийг тогтоох шалгалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-17 21:43:51
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дэх орон нутгийн чанартай хатуу, хайрган хучилттай авто замуудад хяналт шалгалт хийлээ. Энэхүү шалгалтыг орон нутгийн хатуу болон хайрган хучилттай авто замын тэмдэг, тэмдэглэлийн материалын гэрэл ойлгогч чанар, ашиглалт, бүрэн байдал, зам тээврийн осол, хэрэг ихээр гардаг хар цэгүүдэд авто замаас нөлөөлж буй хүчин зүйлсийг тогтоох, дүн шинжилгээ хийх зорилгоор зохион байгуулсан байна.
Шалгалтын явцад байгаль цаг уурын хүчин зүйлс, нөлөөллөөс шалтгаалан тэмдэг тэмдэглэгээний өнгө будаг, хуулга нь хуучирч муудсан байдал, байрлуулсан тэмдэгнүүд гадны нөлөөгөөр унаж алга болсон зөрчлүүд илэрчээ. Түүнчлэн Улаанбаатар, Дархан-Уул, Баянгол, Алтанбулаг чиглэлийн олон улсын авто замуудад зам тээврийн осол гарсан байдал, давтамжаар нь хар цэг тогтоож цаашид юу шаардлагатай юу хийх ёстой зэргийг тогтоосон байна. Энэ жилийн тухайд Сэлэнгэ аймгийн хувьд сумдын дэд бүтцийг сайжруулах, засвар үйлчилгээнд зориулан 30, 30 сая төгрөгийн хөрөнгө шийдвэрлэж өгсөн байгаа аж. Энэ ажлын эхний алхам болгож орон нутгийн зам дахь тэмдэг тэмдэглэгээг сайжруулах ажил хийж эхлээд байгаа юм. Тус хяналт шалгалтыг аймгийн дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Зам тээврийн хөгжлийн төв, Сэлэнгэ АЗЗА зэрэг байгууллагууд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтран зохион байгуулсан байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ