Израилийн шоронд хоригдож буй палестинчууд олноороо өлсгөлөн зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-04-18 09:08:31
ИЕРУСАЛИМ. /BBC/. Израилийн шоронд хоригдож буй хэдэн зуун палестинчууд хорих ангийн нөхцөл муу байгааг эсэргүүцэн олноороо өлсгөлөн зарлаж эхэлжээ.
 
5 хүний амийг хөнөөсөн хэргээр Израилийн шүүхээс бүх насаараа хоригдох ял сонссон Палестины удирдагчдын нэг Марван Баргути уг өлсгөлөнг зохион байгуулж байгаа аж.
 
Баргути бол Палестины ерөнхийлөгч Махмуд Аббасын "Фатах" намын гол хүмүүсийн нэг бөгөөд Аббасыг залгамжлах магадлалтай хүн гэж үздэг.  Түүний зохион байгуулсан эсэргүүцлийн ажиллагаа нь Израиль-Палестины харилцаанд үүссэн хурцадмал байдлыг улам даамжруулж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.
 
Израилийн талын мэдээлснээр, тус улсад  хоригдож буй 1187 орчим палестинчууд уг өлсгөлөнд нэгдсэн бөгөөд энэ ажиллагаа нь жил бүр болдог Палестины хоригдлуудын өдөртэй давхцаж байгаа юм.
 
Израильд палестинчуудыг хорьж байгаа нь хоёр талын хооронд хурцадмал байдлыг үүсгэж буй гол шалтгаануудын нэг юм. Хоригдож буй палестинчуудыг улс төрийн хоригдол гэж үздэг. Тэдний ихэнх нь Израилийн эсрэг халдлага үйлдсэний учир ял эдэлж байгаа юм.
 
Өнгөрсөн оны эцсийн байдлаар, Израильд 7000 орчим палестинчууд хоригдож байна гэж Палестины хоригдлуудын бүлгүүд мэдээлжээ.

Х.Сарнай 

 


 

Холбоотой мэдээ