Перугийн Ерөнхийлөгч асныг баривчлах зөвшөөрлийг хоёрдахь удаагаа өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-04-18 11:40:08

РИО-ДЕ-ЖАНЕЙРО./TASS/. Перугийн шүүгч Марио Герра Бонифасио тус улсын Ерөнхийлөгч асан Алехандро Толедо /2001-2006 он/, түүний эхнэр Элиане Карп нарын үйлдсэн байж болзошгүй мөнгө угаах хэргийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тэднийг баривчлах зөвшөөрлийг өгчээ. Энэ тухай даваа гарагт орон нутгийн El Comercio сонинд мэдээллээ.

Тус сонинд мэдээлснээр, энэ гэмт хэрэг нь Ерөнхийлөгч асны хадам эх Эва Фернебугийн нэр дээр Лима хотод тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө худалдаж авсантай холбоотой ажээ. Худалдан авах төлбөрийг “Ecoteva”  компанийн Коста-Рика улсад байршуулсан мөнгөөр хийсэн байна.

Ерөнхийлөгч асан эхнэрийнхээ хамт уг компанийг ашиглан  хууль бус аргаар олсон мөнгөө угаадаг байсан гэж мөрдөн байцаагчид үзэж байгаа аж. Шүүхээс ерөнхийлөгч асан болон түүний эхнэрийг урьдчилан хорих хугацааг 18 сар гэж тогтоожээ.

Энэ оны 2 дугаар сард өөр нэгэн шүүгч А.Толедог авлигын хэрэгт холбогдуулан баривчлах зөвшөөрлийг өгч байсан юм. Мөрдөн байцаагчдын таамаглаж байгаагаар, ерөнхийлөгч асан болон түүний засаг захиргааны зарим төлөөлөгчид Бразилын “Odebrecht” барилгын компаниас 20 сая долларын авлига авсан ажээ. Хариуд нь тус компани хурдны зам барих ашигтай гэрээг хийсэн байна. 
Хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар, төрийн тэргүүн асан одоо АНУ-д байгаа аж. А.Толедо өмнө нь ярилцлага өгөхдөө, өөрийг нь буруутгаж буй үндэслэлүүдийг гүтгэлэг хэмээн няцааж байв.
О.Барс 

 



Холбоотой мэдээ