Их Британийн парламентыг ирэх сард тараана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-20 13:05:34
ЛОНДОН. /ВВС/. Энэ оны зургадугаар сарын 8-нд парламентын ээлжит бус сонгууль явуулах төлөвлөгөөг Их Британийн Төлөөлөгчдийн танхим баталлаа.

Тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй ээлжит бус сонгууль хийх төлөвлөгөөгөө мягмар гарагт парламентад өргөн барьсан юм. Бүх нийтийн сонгуулийг анх 2020 онд хийхээр төлөвлөж байсан аж.

Төлөөлөгчдийн танхимын гишүүд уг төлөвлөгөөг өчигдрийн хуралдаанаараа авч хэлэлцсэн байна.

Хуралдааны үеэр Т.Мэй хэлэхдээ “Их Британийг Европын Холбооноос /ЕХ/ гаргах шийдвэрийг буцаах арга байхгүй. Манай улс ЕХ-той эв зүйгээ олохын тулд хүчирхэг бөгөөд тогтвортой удирдлагатай байх хэрэгтэй” гэжээ.

Ээлжит бус сонгууль явуулахыг Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн 522 нь дэмжсэн бол 13 нь эсэргүүцсэн байна.

Ингээд төлөвлөгөө батлагдсан учир Их Британийн парламентыг ирэх сарын 3-нд тарааж, сонгуулийн кампанит ажлыг эхжүүлэх аж.

Г.Доржханд


Холбоотой мэдээ