Физикчид анх удаа “сөрөг масс”-тай матери гарган авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-04-20 15:41:11
ЛОНДОН. /BBC/. Хүч үйлчлэхэд эсрэг чиглэлд хөдөлдөг “сөрөг масс”-тай шингэнийг Америкийн физикчид гарган авчээ. Ер нь бол, дэлхий дээр байгаа аливаа нэг биетэд хүч үйлчлэхэд тухайн биет нь хүч үйлчилсэн чиглэлд хөдөлж эхэлдэг. Энэ үзэгдлийг Ньютоны хоёрдугаар хуулиар тайлбарладаг билээ.

Цахилгаан цэнэг нь эерэг эсвэл сөрөг цэнэгтэй байдгийн адилаар онолын хувьд аливаа матери нь сөрөг масстай байх боломжтой. Физикчид энэ үзэгдлийг “онцгой матери” гэж нэрлэдэг.

Вашингтон муж улсын Их сургуулийн профессор Питер Энгельс болон түүний мэргэжил нэгтнүүд рубиди гэдэг элементийн атомуудын температурыг үнэмлэхүй 0 хэм /Цельсийн -273 градус/ хүртэл хөргөж чадсанаар Бозе-Эйнштейний конденсат гэж нэрлэдэг шингэнийг гарган авчээ. Ингэж хөргөсөн үед нэлээд олон тооны атомууд квантын хамгийн бага боломжит төлөвт ордог ба улмаар квантын үйлчлэл нь макро түвшинд илэрч эхэлдэг байна. Атомууд туйлын удаан хөдөлж, яг давалгаа мэт болно.

Мөн эдгээр атомууд синхрон /нэгэн зэрэг/ байдлаар хөдөлж, урсахдаа энергиэ алддаггүй супер шингэн хэмээх шингэнийг үүсгэдэг.

Рубидигийн атомуудыг лазераар хөргөж, улмаар туршилтын загваруудаа өндөр энергийн бөөмүүд нь лазерын урхины хязгаараас гартал нь байлгадаг. Энэ үе шатанд атомууд ердийн эерэг масстай бөөмтэй адил байдаг. Хэрвээ атомуудыг хамтад нь барьж буй хүчний үйлчлэлийг зогсоох аваас захын атомууд төвийн атомуудын даралтаар тал тал тийшээ тарж одох юм.

Рубидийн атомуудыг сөрөг масстай бодисын шинж чанартай болгохын тулд эрдэмтэд тэдгээр рүү зарим атомуудын эргэлтийг өөрчилж чадахуйц өөр иж бүрдэл лазерыг тусгажээ.

Математик тооцооллын дүнг туршилтын үр дүнтэй харьцуулж үзээд эрдэмтэд дараах зүйлүүдийг ажигласан байна. Тодруулбал, лазерын урхин дотор төв байрлалыг эзэлсэн атомуудын зарим нь үйлчилсэн хүчний чиглэлийн эсрэг чиглэлд хөдөлж байсан, гэхдээ энэ үзэгдэл маш богинохон хугацаанд болж өнгөрсөн, үүний дараа атомууд маш богино хугацаанд эерэг масстай бөөмийн шинжиндээ эргэн орж байжээ.

“Хэрвээ та сөрөг масстай бодисыг түлхэх аваас уг бодис эсрэг чиглэлд хөдлөх болно. Рубидийн атомууд үл үзэгдэх ханатай мөргөлдөж байгаа юм шиг санагдана” гэж судлаачдын нэг болох Майкл Форбс тайлбарлажээ.

Энэхүү туршилтын дүн нь одон орны объектууд, үзэгдлүүд тухайлбал, нейтронон одод, хар нүх, хар материйн үүсэл гарал, шинж байдлын учрыг тайлахад тус дөхөм болно.
О.Барс 
Image capti

 

 

Холбоотой мэдээ