УИХ ирэх долоо хоногт төсвийн багц хуулийг голлон хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-24 14:27:58

УИХ ирэх долоо хоногт энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсөв, тэдгээрийн дагалдсан хуулийн төслүүдийг голлон хэлэлцэх хуваарь гарчээ.

Төсөвтэй холбоотой багц хуулиас гадна Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох тухай зэрэг хууль тогтоолын холбогдох шатны хэлэлцүүлгийг байнгын хороодын болон нэгдсэн чуулганы хуралдаанаар тус тус хэлэлцэнэ.

Мөн “Монгол Улсын Төрийн албаны эрх зүйн шинэтгэл” сэдэвт Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлэг, “Mонгол Улсын үндэсний хөгжлийн бодлого” зөвлөлдөх уулзалт үндэсний форум болох аж. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох орчин, нөхцөл, сургуульд хамрагдалтын байдал, Ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургуулиудын үйл ажиллагаатай танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийх юм.

Б.Туул

 

Холбоотой мэдээ