Тариалалт тавдугаар сарын эхээр эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-20 20:40:27
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймаг 2017 онд тариалан эрхлэх газрыг нэмэгдүүлж сум бүрт квот тогтоож  нийт 116 га-д тариалалт хийхээр болсон.
Хаврын тариалалтын бэлтгэл ажил ямар шатандаа байгаа талаар ХХААГ-ын газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтэн С.Энх-Амгалангаас тодруулахад “Энэ жилийн онцлог ажлаас дурдахад “Дорноговийн тарвас”, “Өрхийн хэрэгцээг өөрийн хашаанаас” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан нь томоохон ажлын нэг болно.
Дээрээс нь Дорноговь аймагт нутагшсан Астерханьский сортын тарвасыг нутагшсан сортоор батлуулах ажлыг эхлүүлээд байна. Мөн аймгийн хэмжээнд шаардлагатай элит үрийн төмсний захиалгыг иргэд аж ахуйн нэгжээс авсан.Тус аймгийн Эрдэнэ сумын “Мөрөөдлийн говь” ХХК, Сайншанд сумын “Мөнх-Ашиг” хоршоо “Газар тариалан эрхлэлт, ойжуулалтыг дэмжих сан”-гаас 10 сая төгрөгийн санхүүжилт  авч элит үр бэлтгэх ажилдаа  ороод байгаа.
“Нарлаг”хүлэмж байгуулах ажлыг сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийхээр төлөвлөсөн. Мөн тариалангийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тариалангийн газрын бүртгэл тооллогын ажлыг хийж ХХААХҮЯ-нд хүргүүллээ.Тариаланчдынхаа нэгдсэн зөвлөлгөөнийг гуравдугаар сарын 30-нд Сайншанд суманд зохион байгуулж тулгарч буй бэрхшээл асуудал, боломж, нөхцлөө ярилцсан. Хаврын тариалалтын  бэлтгэл ажил жигдэрч тариаланчид тавдугаар сарын эхээр тариалалтад гарна” гэв.

 
Х.Эрдэнэбулган   
Холбоотой мэдээ