Өнгөт чулуу түүгчид их хэмжээний бэлчээрийг ухаж төнхжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-21 08:52:51
Дундговь/МОНЦАМЭ/ Дэлгэрцогт сумын нутгаас иргэд байгалийн өнгөт чулуу түүдэг явдлыг таслан зогсоохыг аймгийн Засаг дарга холбогдох мэргэжлийн байгууллагууд болон  тус сумын Засаг даргад үүрэг болгожээ.
Өнгөт чулуу түүх явдал 6 жилийн турш үргэлжилж байгаа юм. Цагдаа, Тагнуул, Мэргэжлийн хяналт, Байгаль орчны газар хамтарсан ажлын хэсэг ажиллаж, чулуу түүдэг иргэдийг саатуулж, мөнгөн торгууль ногдуулан, багаж хэрэгсэл, түүсэн чулууг нь хураан авах арга хэмжээ удаа дараа авч ирсэн боловч байдал хэвээр. Иргэдийн арга одоо улам нарийсч, хэр баргийн хяналт шалгалтаас мултарч чаддаг болсон,  өнгөт чулууг газрын хөрсөн дээрээс түүдэг байсан бол сүүлийн жилүүдэд хөрсөн доороос хайж  ухаж төнхдөг болсон нь байдлыг урьдынхаас улам хүндрүүлж байгаа юм.
Шалгаж хянаад, торгож шийтгээд ч үргэлжилсээр байгаа эл явдлыг одоо дорвитойхон арга хэмжээ авч бүрмөсөн таслан зогсоохгүй бол байгаль орчин, бэлчээр нутагт үзүүлэх сөрөг нөлөө ахисаар байгаа нь гол тулгамдсан асуудал гэж үзжээ.
Засаг даргын үүргийн дагуу  холбогдох байгууллагуудын оролцоотой ажлын хэсэг яаралттай байгуулж, зөвхөн чулуу түүгчид биш түүсэн чулууг нь худалдан авдаг ченжүүдийн үйл ажиллагааг ч зогсооход чиглэсэн ажлын төлөвлөгөө гаргахаар болсон байна.  
Дэлгэрцогт сумын нутаг дэвсгэрийн 7 км гаруй урт, 4 км өргөн бэлчээр чулуу түүгчдийн гараар ухагдаж, үржил шимт хөрсний 50 гаруй мянган шоо метр үе давхарга доройтон эвдрэлд оржээ.
 
Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ