БНСУ- д ажилладаг залуус Нэгдсэн эмнэлэгт 1000 ширхэг уян зүү бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-21 21:24:15
Дундговь/МОНЦАМЭ/ БНСУ- д хөдөлмөр эрхэлдэг нэгэн залуу аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1000 ширхэг уян зүү бэлэглэв. Тэрээр Солонгос улсад 8 жил хөдөлмөрлөж байгаа гэлээ. Түүн шиг тус улсад хөдөлмөр эрхэлдэг гуч гаруй залуу хүсэл сонирхлоороо нэгдэн, Монгол хүүхдүүдэд зориулсан  хүмүүнлэгийн үйл ажилллагаа санаачлан хийдэг юм байна.
Энэ санаачлагынхаа хүрээнд тэд 1 сая гаруй вонын хөрөнгө босгож, 25 мянган  уян зүүг Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн эмнэлэгүүдэд  илгээжээ.
Б. Одууд хэлэхдээ, “Бид хүүхдийн сайн сайхны тусын тулд бага ч гэсэн хувь нэмэр оруулах үүднээс 3 жил гаруйн өмнөөс хүмүүнлэгийн үйлсэд хүсэл зорилгоороо нэгдсэн. Улаанбаатар хотод аж төрдөг хүүхдүүдэд хувцас бэлэглэж, орон гэртэй болгох зэргээр үйл ажиллагаагаа аль болох тасралтгүй явуулж байгаа” гэсэн юм.
Уян зүүг  хатгалтын тоог цөөрүүлж, өвчтөнд зовиур шаналгаа үзүүлэхгүйн үүднээс ашигладаг. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт  сард 600- 800 уян зүү хэрэглэдэг байна. Залуусын бэлэглэсэн уян зүүний хувьд 0- 2 насны хүүхдэд хэрэглэх стандартынх бөгөөд Хүүхдийн тасагт 5- 6 сар хэрэглэгдэх боломжтой байна гэж аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Ерөнхий эмч Х. Жаргал хэлсэн юм.
Хүмүүнлэгийн үйлс санаачлагч залуус  Улсын клиникийн 1, 3-р  эмнэлэг, Гэмтлийн эмнэлэг Хавдар судлалын үндэсний төв зэрэг эмнэлэгт уян зүүгээ хандивласан бөгөөд өнөөдөр Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг, мөн  Эрдэнэдалай сумын эмнэлэгийг зорин ирсэн нь энэ ажээ.
 
Т. Отгонтуяа  
Холбоотой мэдээ