Өдрийн жуулчин хүлээн авах боломж бүрдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-22 10:39:44
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын  зүүн өмнөд Хилийн боомт хот Замын-Үүд сум БНХАУ-аас өдөрт 100 жуулчин хүлээн авах боломж бүрдэж байна.
Монгол Улсын Засгийн газрын “Хил орчмын аялал жуучлалыг хөгжүүлэх” зорилт хийгээд Дорноговь аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого чиглэлийн хүрээнд УБТЗ-ын Аялал жуулчлалын товчоо, БНХАУ-ын Хөх хотын Төмөр замын Олон улсын аялал жуулчлал, зар сурталчилгааны групп жуулчин солилцож, хамтран ажиллах гэрээ үзэглэжээ.
Хамтын ажиллагааны гэрээний дагуу дөрөвдүгээр сарын 21-нээс эхлэн 11 дүгээр сарын 01-нийг хүртэл долоо хоногт хоёр удаа тус бүр 100 өдрийн жуулчин Замын-Үүд сумаар аялж, Улаанбаатар төмөр замын Аялал жуулчлалын товчооны харьяа “Жинчин”төв болон “Дорнын говь-1” жуулчны баазаар үйлчлүүлэх аж.
Урд хөршийн жуулчид талын монголын говийн бүсийн байгалыг үзэж, монгол ёс заншлыг сонирхохоос гадна үндэсний гар урлалын бүтээгдэхүүнийг худалдаж авах юм байна. Өдрөөр ирэх жуулчин нь санал нэгдэж гэрээ байгуулж ажиллаж буй талуудын тохиролцооны дагуу тусгай маршрутаар аялаад тухайн өдөртөө буцаж хил давах богино хугацааны аялагчид аж.
Урд хөршөөс албан ёсоор өдрийн жуулчин хүлээн авах болсон нь Замын-Үүд сумын жуулчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий компаниуд, зоогийн газар, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн  орлогыг нэмэгдүүлэх таатай боломж бүрдсэн  хэмээн албаны хүн өгүүлэв.
Жуулчин хүлээн авах хамтын ажиллагааны нээлт энэ сарын 21-нд Замын-Үүд суманд болсон бөгөөд тус аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр,ИТХ-ын тэргүүлэгч Ж.Болор-Эрдэнэ, А.Хатансайхан, Төлөөлөгч У.Энхмаа, Г.Цогтбаатар нар оролцлоо.

Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ