Венесуэльд болж буй эсэргүүцлийн ажиллагааны үеэр 100 гаруй сэтгүүлч халдлагад өртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-04-26 09:58:57
МЕХИКО./TASS/. 3 дугаар сарын 31-нээс хойш  Венесуэльд болж буй эсэргүүцлийн жагсаалуудын үеэр наад зах нь 106 сэтгүүлч халдлагад өртөж, 14 сэтгүүлч баривчлагджээ. Энэ тухай мягмар гарагт Хэвлэл мэдээллийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэл мэдэгдлээ.

Мэдэгдэлд дурдсанаар, долоон хүнийг Үндэсний боливарын гвардынхан саатуулсан бол гурвыг нь тагнуулын ажилтнууд, бусдыг нь цагдаа нар баривчилжээ.

“Ийм байдлаар сэтгүүлчдийг хоморголон баривчилж байгаа нь иргэн хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, олж мэдэх эрхийг хангах баталгаа үгүй болсны  илрэл юм” гэж дээрх мэдэгдэлд дурджээ.

Хэвлэл мэдээллийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэл болсон хэрэг явдлыг шүүмжилж, зохих арга хэмжээ авч, бурангуй үйлдэл хийсэн хүмүүсийг  шийтгэхийг эрх баригчдаас шаарджээ.

“Венесуэлийн эрүүгийн форум” төрийн бус байгууллагын мэдэгдсэнээр, жагсаал цуглаан эхэлснээс хойш нийтдээ 1300 хүн баривчлагдаж, 25 хүн амиа алджээ.
О.Барс 

 

Холбоотой мэдээ