Архангай аймгийн 2017 оны төсөвт тодотгол хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-26 16:16:08
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ИТХ-ын ээлжит дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр боллоо. Хурлын 39 төлөөлөгчөөс гурав нь чөлөөтэй гээд 92,3 хувийн ирцтэй өглөө 11.00 цагт хуралдаан эхлэв.

Аймгийн ИТХ-ын ээлжит 4-р хуралдаан эхлэх үед хурал дахь АН-ын бүлэг “Орон нутгийн хөрөнгө оруулалтын 1 тэр бум 480 сая төгрөгийн задаргаа байхгүй байна. Бид задаргаа авмаар байна” гэдэг үндэслэлээр 30 минутын завсарлагаа авсан. Харин 30 минутын хугацаа дуусч орж ирсэн ч “Энэ удаагийн хуралдаанд суух боломжгүй” хэмээн хуралдааныг орхин гарсан юм. Гэхдээ нийт төлөөлөгчдийн 61 хувийн ирцтэйгээр хурал үргэлжиллээ.

Энэ удаагийн хуралдаанаар аймгийн 2017 оны төсвийн тодотгол, орон нутгийн өмчийн тайлан, хувьчлах үл хөдлөх хөрөнгийн жагсаалт, Архангай аймгийн тариалангийн бүс нутгийг тогтоох гэсэн асуудлуудыг хэлэлцэж баталлаа. 

Аймгийн 2017 оны тодотгосон төсвийг боловсруулахдаа төсвийн орлогыг бодитоор тооцож, зарим нэр төрлийн орлогыг нэмэгдүүлж, зайлшгүй шаардлагатай зарлагыг санхүүжүүлэх, тайлангаар баталгаажсан урьд оны төсвийн үлдэгдлийг тайлант оны зарлагын эх үүсвэр болгож төсвийн зохицуулалт хийх замаар холбогдох эрхзүйн актуудыг үндэслэн боловсруулсан бөгөөд аймгийн 2017 оны төсвийн орлогын нийт дүнг 7868421.0 мянган төгрөгөөр баталсан юм. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ