АНУ-ын Элчин сайдын яамны ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2017-04-27 11:52:13
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. АНУ-ын Элчин сайдын яамны атташе Жереми Уайнштэйн (Jeremy Weinstein) ахлагчтай төлөөлөгчид урьдчилсан судалгаа хийхээр Сэлэнгэ аймагт ажиллалаа.  Өнгөрсөн 3 дугаар сард АНУ-ын Элчин сайдын яамны хил, гааль, боловсролын асуудал хариуцсан мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаад буцсан. Энэ үеэрээ Сэлэнгэ аймагт хөрөнгө оруулалтын ажил хийх асуудлаар аймгийн удирдлагуудтай санал солилцоод Сэлэнгэ аймгийн талаас тавьсан хүүхдийн цэцэрлэг байгуулах саналыг судалж үзнэ гэдгээ хэлээд буцсан юм.
Харин энэ удаагийн ажлын хэсэг дээрх асуудлын хүрээнд цэцэрлэг байгуулж болох газрыг үзэж танилцах, урьдчилсан судалгааг хийхээр иржээ. Ажлыг хэсгийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Б.Нарантуяа, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ХЦ-ийн 0243-р ангийн дарга, хурандаа Х.Дамдинсүрэн, Гаалийн газрын дарга н.Дамдинхорол, БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан, ЭМГ-ын дарга Ж.Од, МХГ-ын дарга Ж.Отгонхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр хүлээн авч уулзан харилцан ярилцаж, санал солилцлоо. Аймгийн Засаг даргаас хил, гааль, эмнэлэгт нэн тэргүүнд хэрэгтэй байгаа тоног төхөөрөмжүүд, түүн дээр ажиллах боловсон хүчний сургалтын асуудлыг онцгойлон чухалчилж санал болголоо. Ажлын хэсгийнхэн Сүхбаатар суманд цэцэрлэг байгуулах боломжтой гэсэн 3 газрыг үзэж, танилцлаа. Ингэж өөрсдийн нүдээр үзэж харсан ажлынхаа судалгааг дээд шатны байгууллагадаа уламжилна гэдгээ АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчид хэллээ.
Ч.Отгонцэцэг
 
 
Холбоотой мэдээ