Мандал сумынхан хуулийн мэдлэгээрээ өрсөлджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-28 14:05:04
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын цагдаагийн хэлтсээс  Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг сурталчлах зорилгоор “Архидан согтуурахын хор уршиг” дэвжээ тэмцээнийг сумынхаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн дунд зохион явуулжээ.
Энэхүү тэмцээнийг сумынхаа нийт иргэдэд архидан согтуурахын хор уршгийг таниулах, тэднийг гэмт хэрэг зөрчилд холбогдох буюу өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, мөн иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, цаашлаад иргэд, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор ийнхүү өргөн хүрээнд зохион байгуулсан байна.
Мандал сум нь  Монгол Улсын сумдын дотроос хамгийн их хүн амтай оршин суудгаараа онцлогтой сум. Өнөөдөр тус суманд 23 мянган хүн ам амьдарч байгаа бөгөөд энэ ч утгаараа хүн амын нягтрал ихтэй, үүнийгээ дагаад нийгмийн дундах сөрөг үзэгдлүүд гарах явдал олонтаа байдаг аж. Иймээс Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Тамхины хяналтын тухай хуулиудыг багцлан таниулах үүднээс 5 үе шат бүхий эл “Архидан согтуурахын хор уршиг” дэвжээ тэмцээнийг явуулсан аж. Тэмцээн багуудын мэндчилгээ, архидан согтуурахын хор уршиг сэдвээр гэрийн даалгавар, “Архи, тамхи бидний амьдралд”  чөлөөт сэтгэлгээний тэмцээн, багийн ахлагч нарын тэмцээн, мөн танин мэдэхүйн асуулт, хариулт гэсэн дараалалтай явагдаж С.Тулга захиралтай Ерөнхий боловсролын 3-р бүрэн дунд сургуулийн баг тэргүүн байрт шалгарсан байна. Удаах байруудад А.Дашзэвэг даргатай Мандал сумын 4-р багийн иргэд, С.Эрдэнэчулуун захиралтай Зүүнхараа Политехникийн коллежийн багууд тус тус шалгарчээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ