Халаасны хулгайтай тэмцэх хэлтэс Эмнэлгүүдтэй хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-05-01 13:32:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй халаасны хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг төрийн болон төрийн бус эмнэлгийн байгууллагуудад Монгол улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн дагуу албан мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна.
Албан мэдэгдлийн хүрээнд өнгөрсөн баасан гаригт /2017.04.28/ Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн эмч, сувилагч, ажилтан, албан хаагч нарт тус цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Баянгол дүүргийн хяналтын прокурор М.Ням-Очир нар халаасны хулгайн гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Монгол улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг таниулах, эмч нарын гэмт хэрэгт холбогдохгүй байх талаарх эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх сэдвээр сургалт  явуулав.
Сургалтад тус эмнэлгийн нийт 50 орчим эмч, ажилтан, алба хаагч хамарч, санал солилцлоо.Тус хэлтсээс гуравдугаар сард тус сургалтыг Шастины нэрэмжит Улсын Нэгдсэн Гуравдугаар эмнэлэгт зохион байгуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажилласны үр дүнд халаасны хулгайн гэмт хэргийн гаралт 70 орчим хувь буурсан үр дүн гарчээ.
2016 онд дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд эмнэлгийн байгууллагад үйлдэгдэж бүртгэгдсэн халаасны хулгайн гэмт хэргийн гомдол, мэдээлэл нийт 175 бүртгэгдсэн байна.
Энэ төрлийн гэмт хэргийн гаралт мөн оны өмнөх үетэй харьцуулбал 18,6 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 53 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 3,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
 
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ