Улс орныхоо төлөө идэвхтэй, оролцоотой иргэдийн тухай баримтат кино бүтээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-05-02 14:18:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн /БНОУХ/-гээс “Бидний дуу хоолой” баримтат кино бүтээснээ маргааш олон нийтэд хүргэнэ.

Энэхүү баримтат киног Канадын ГХЯ-ны санхүүжилтээр бүтээжээ. Кинонд малчин А.Амарбаясгалан, таван настайдаа хараагаа алдсан бариа засалч Х.Шагдарсүрэн, МУИС-ийн оюутан Б.Ариунбаяр болон сэтгүүлч М.Буянжаргал нар Монгол улсынхаа төлөө идэвхтэй, оролцоотой иргэн байхад хэрхэн ажиллаж, цаг, зав, дуу хоолойгоо зарцуулж буйг харуулахыг зорьжээ.

Киног үнэ төлбөргүй толилуулах бөгөөд хүрэлцэн ирсэн зочдын дунд санал бодлыг сонсох хэлэлцүүлэг өрнөх аж. Хэлэлцүүлэгт нийгэмд таны идэвхтэй оролцсон туршлага ямар байв? Улс төр, нийгмийн амьдралд та оролцож чадаж байна уу? Өөрийн оролцоог нэмэгдүүлмээр байна уу? зэрэг асуултад тулгуурлан кинонд оролцсон иргэдийн түүхэн дээр уншигч таны түүхийг нэмэрлэж өргөн цар хүрээтэй болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Тус арга хэмжээ маргааш 17:00 цагт Туушин Бест Вестерн зочид буудлын Соёмбо танхимд болно.

Дашрамд дурдахад, БНОУХ-гээс 2016 оны есдүгээр сард УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, кампанит ажлаа өрнүүлсэн эмэгтэйчүүдийн талаар “Тэгш боломж” баримтат кино бүтээсэн юм.
Ж.Болор
Холбоотой мэдээ