А.Өлзий-Оршихын “Кармен сьют” УДБЭТ-ын тайзнаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-05-03 16:00:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын балетын гоцлооч, МУСТА А.Өлзий-Оршихын “Сонгодог уран бүтээлийн үдэш” энэ сарын 15-нд болно.

Сонгодог, модерн, үндэсний бүжгэн жүжгийн гол дүрийг 15 жилийн турш бүтээж, амилуулж яваа авьяаслаг уран бүтээлч тэрбээр энэ үдэш балетын урлагт хайртай эрхэм үзэгчдэдээ сонгодог, модерн, неоклассик төрлөөс бүрдсэн цоморлиг болон Ж.Бизе-Р.Щедрин "Кармен сюит" бүжгэн жүжгийг толилуулах юм.

Тэрбээр ХБК-ийг 2003 онд Д.Дашлхагва багшийн удирдлага дор төгсч, Дуурийн театрт балетын гоцлоочоор ажиллаж эхэлснээс хойш "Жизель", "Щехерезада", "Бахчисарайн оргилолт булаг", "Нойрссон гүнж", "Сартак", "Шопениана", "Уран хас", "Диваажин энд байна", "Гэсэр номун хаан", "Эрдэнэсийн охид" зэрэг хорь гаруй бүжгэн жүжгийн гол дүрд тоглосны дотор "Хунт нуур" бүжгэн жүжгийн Зигфрид ба Ротбарт, "Щелкунчик" бүжгэн жүжгийн Хулганы хаан ба Кавалер, "Дон Кихот" бүжгэн жүжгийн Тореадорын ахлагч ба Базиль, "Үйлийн гурван толгой" бүжгэн жүжгийн Юндэн ба Балган, "Чойжид дагина" бүжгэн жүжгийн Бурхны элч ба Эрлэгийн элч зэрэг олон дүр бүтээсэн юм.
 
Энэхүү сонгодог бүжгэн жүжгийн Карменд Б.Саруул, Хозед А.Өлзий-Орших, Торерод Э.Эрдэнэжаргал, Цэргийн даргад А.Эрдэнэболд нар дүр бүтээнэ.

Жорж Бизегийн "Кармен" дуурийн хөгжмийг Родион Щедрин бүжгэн жүжигт зориулан цомхотгож, хэд хэдэн цохивор хөгжмөөр баяжуулан найруулсан ба Кубын алдарт бүжиг дэглээч Альберто Алонсо Проспер Меримегийн "Кармен" туужаас сэдэвлэн бүжгэн жүжгийн цомнолыг бичиж, бүжгийг дэглэжээ.

Цыган бүсгүй Кармен, түүний дурлалт залуу болох цэрэг Хозе болон бухтай тулалдагч зоригт эр гурвын дунд өрнөх хайр дурлал, хууран мэхлэлт, үхэл хагацлын тухай өгүүлэх энэхүү эмгэнэлт бүжгэн жүжиг нь Ж.Бизегийн "Кармен" дуурийн агуулга, үзэл санааг хөгжмийн хэлээр хөрвүүлэн цомхотгож, бүжгийн хэлээр уран дүрсэлж хөрвүүлсэн гайхалтай бүтээл юм.
Ж.Болор
Холбоотой мэдээ