Зориудаар нөлөөлж хур тунадас оруулсанаар түймэр бүрэн унтарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-09 15:59:05
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд гарсан түймрүүдийг унтраах, хөрсний чийгийг нэмэгдүүлэх зорилгоор Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн,  Хушаат, Баруунбүрэн, Орхон, Орхонтуул сумдын нутагт цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг энэн сарын 5-ны өдөр амжилттай хийсний үр дүнд тус сумдын нутгаар 6-29 мм, бусад сумдын нутгаар 9-27 мм хур тунадас оржээ. Энэхүү үйл ажиллагааны үр дүнд Мандал, Баруунбүрэн сумдын нутагт гарсан түймэр бүрэн унтарсан байна.  
Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний албаны “Сэлэнгэ Бороо-1, 2” экспедицүүдээс энэ сарын 08-ний өдөр дахин цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааг Сүхбаатар сумын  "Сайханы хөтөл", Шаамар сумын "Ундрагч" гэдэг газруудад амжилттай зохион байгууллаа.
Уг үйл ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд 3.0, Зүүнбүрэн суманд 2.0, Бугант тосгонд өдөртөө 2.0, шөнөдөө 3.0 мм-ийн хэмжээтэй хур тунадас оржээ. Харин Сүхбаатарт 0.4, Ерөөд 0.9, бусад сумдад 0.1-1.0 мм-ийн хэмжээтэй хур тунадас орсон аж.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ