Дархадын сумдын цэргүүд Баруунтуруунд алба хаахаа болив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭХөвсгөл аймгийн Дархадын хотгорын сум өвөлдөө -50 градус хүртэл хүйтэрдэг учраас залуусыг цаг уурын эрс тэс уур амьсгалд зохицох чадвартай гэж үзэн Увс аймгийн Баруун туруунд алба хаалгахаар явуулдаг байна.
Гэвч сүүлийн 4 жилийн дотор дархадын сумдын цэргүүд амь насаа алдах тохиолдол гарсаар байгаа учраас эцэг эхчүүд эрс эсэргүүцэн энэ жилээс Баруунтуруунд алба хаалгахыг болиулжээ. Нутгийн иргэд “Цэргийн алба хааж байхдаа ихээр зодуулж байсны улмаас 2 цэрэг нутагтаа ирээд нас барсан тохиолдол 2 гарсан бол өнгөрсөн 6 сард цэргийн алба хаахаар явсан залуу Б.Мэндхүүг учир битүүлгээр нас барсан гэж 7 сарын 15 нд мэдэгдэж цогцсыг нь ачиж авчирсан иймээс бид халагдаж ирж буй цэргүүдийг үзлэг шинжилгээнд оруулж эрүүл эсэхийг нь мэдэж байж хүлээн авах төдийгүй нутгийн цэргүүдээ дахин Баруунтуруунд алба хаалгахгүй” гэсэн шаардлагыг тавьсаны улмаас энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаас эхлэн Баруунтурууны 0311-р ангид алба хаалгахыг болиулжээ.
Амь насаа алдсан цэргүүдийн шалтгаан нөхцөлийн талаар Хөвсгөл аймагт цэрэг татлагын үеэр ажиллаж буй Хил хамгаалах ерөнхий газрын сэтгэл зүйн мэдээлэл соёл сурталчилгааны хэлтсийн дарга Х.Энхтайванаас тодруулахад цэргийн алба хүнд алба, дэд бүтцээс хол үед сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой цэргүүд ямар нэгэн суурь өвчтэй байгаад нас барсан гэсэн хариултыг өгч байлаа.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа