Эрүүл мэндийн салбарт сувилагчдын үүрэг чухал гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-05-12 17:41:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж байгаа санал, санаачилгыг ажил болгоход сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо маш их гэдгийг өнөөдөр Соёлын төв өргөөнд болсон Сувилагчийн алдар” нийслэлийн зөвлөгөөнийн үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг онцлов.

Тэрээр, сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, одоогийн ололт амжилтыг бэхжүүлж боловсронгуй болгох, цаг үеийн шаардлагад нийцсэн дэвшилтэт арга барил, техник технологийг нэвтрүүлэх, сувилагчийн ажлыг дэмжиж урамшуулах, эмч, сувилагчийн харьцаа хандлагыг олон улсын жишигт ойртуулахад ихээхэн ач холбогдол өгөн ажиллаж буйгаа хэллээ.

Энэхүү зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргын ивээл доор нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагын сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, сувилагч, тусгай мэргэжилтнийг урамшуулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор зарласан болзолт ураалданд шилдгээр шалгарсан дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газар, тусгай мэргэжлийн төв, өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдийг шагнаж урамшуулсан юм.

Тус зөвлөгөөнөөр нийслэлийн эрүүл мэндийн салбар, үүнд сувилахуйн тусламж, үйлчилгээний чиглэлээр хийгдэж байгаа ажил, ололт амжилт, тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийн шийдвэрлэх арга замын талаар танилцуулж, хэлэлцэв.

“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан  зохион байгуулж буй тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Б.Ундармаа, Б.Саранчимэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар тэргүүтэй зочид төлөөлөгч оролцсон юм.
Ж.Болор
Холбоотой мэдээ