Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Бүгд хуралдаанд үг хэлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-27 18:23:18

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 10 дугаар сарын 26-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Бүгд хуралдаанд оролцож, олон улсын энх тайван, хөгжлийн төлөө биеийн тамир, спорт хөгжүүлэх асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж  үг хэлэв.

Олон улсын энх тайван, хөгжлийг хангахад спорт тухайлбал, Олимпийн наадам чухал үүрэгтэйг тэмдэглэж, энэ нь НҮБ-ын Дүрэмийн тулгуур зарчмын адил бүх нийтийн оролцоо, эрх тэгш байдал, өрсөлдөгчөө хүндэтгэх, дүрэм даган мөрдөх, эрх тэгш, хамтын хүчийг нэгтгэх зэрэг хүний эрхийн үнэт зүйлсийг агуулж байдгийг онцлов.

Олон улсын энх тайван хөгжлийн төлөө биеийн тамир, спортыг хөгжүүлэх чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгээс хэрэгжүүлж буй Үйл ажиллагааны хөтөлбөр, эл чиглэлээрх НҮБ-ын холбогдох албаны үйл ажиллагааг Монгол Улс сайшааж буйг илэрхийлэв.

Биеийн тамир, спорт нь монголчуудын уламжлалт ахуй амьдралын үндэс нь бөгөөд бөхийн барилдаан, сур харвалт, морины уралдаан- эрийн гурван наадам нь нүүдэлчдийн эр хүч, урам зоригийг хэмжих уламжлалт заншил юм. Тиймээс биеийн тамир, спортыг хөгжүүлэх нь Монгол Улсын Засгийн тэргүүлэх зорилтуудын нэг мөн гэдгийг онцлов.

Спортыг хөгжүүлэх замаар төдийгүй бүх чиглэлд хүний эрхийг дээдлэх, хангах үүрэг амлалтаа тун удахгүй болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн улсын хувьд дахин нотолж байгаагаа Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мөн илэрхийлжээ.

Холбоотой мэдээ