ОХУ-аас импортлох цахилгаан эрчим хүчний хэмжээг хоёр дахин бууруулах боломж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dotood_user@montsame.mn
2017-05-15 12:35:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс түүхэндээ нийт 13 УЦС барьж ашиглалтанд оруулсан. Өнөөдөр тус бүр 11 МВт, 12МВт-ын  хүчин чадалтай Тайшир, Дөргөний УЦС-ууд ажиллаж, баруун бүсийн 60 гаруй сум, суурин газрыг цахилгаанаар хангаж буй нь манай улсад байгаа хамгийн том УЦС-ууд билээ. Гэвч эдгээр нь улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 1,000 орчим МВт байдгийн маш бага хувийг л хангаж байгаа хэрэг юм.   

Тайширын УЦС-ын усан сан ба далан
 
Цөөн хүн амтай уудам газар нутагтай Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ бусад улс орнынхтой харьцуулахад тийм өндөр биш ч жил ирэх тусам өсөн нэмэгдсээр 2030 он гэхэд 5ГВт-д хүрнэ гэсэн тооцоо бий. Эрчим хүчний хэрэглээнийхээ ихэнх хувийг нүүрс түлж, маш их ус зарцуулдаг дулааны цахилгаан станцуудаас хангаж, үлдсэн хэсгийг хоёр хөршөөсөө импортолж байна. ОХУ-д гэхэд жилд 40 сая хүртэлх ам.доллар төлж цахилгаан эрчим хүч худалдан авдаг. Эрчим хүчний ийм хараат байдал нь Монгол Улсыг стратегийн маш эмзэг нөхцөл байдалд байлгасаар байна.
УЦС барих замаар эрчим хүчний хэрэгцээгээ хангах гэсэн анхны оролдлогууд өнгөрсөн зууны хоёрдугаар хагасаас эхтэй. 1950-60 онд оросын эрдэмтэд санал болгож байсны дагуу судалгаа хийж, Шүрэнгийн голын УЦС-ыг барих нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр Зөвлөлт-Монголын эрдэмтдийн хамтарсан судалгааны баг хатуу цэгээ 1976 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт Сэлэнгэ мөрний хөвөөнд төслийн талбарт хатгажээ.

Шүрэнгийн УЦС барихаар төлөвлөж буй төслийн байршил
 
Одоо хүртэл энэ төслийн талбар дээр ямар ч бүтээн байгуулалт өрнөөгүй хэвээр байна. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Эг-Сэлэнгийн бэлчирээс 2.5 км-т барих Эгийн голын УЦС-ын Техник, эдийн засгийн үндэслэлийг 1991-1994 оны хооронд хийсэн ч дотоодын улс төрийн саад бэрхшээлээс болж гацсаар 2014 онд БНХАУ-ын засгийн газрын зээлийн хөрөнгөөр санхүүжилтийг нь шийдэхээр тогтоод байгаа юм.

Эдгээр төсөл амжилттай хэрэгжиж, ашиглалтад орох юм бол нийлээд бүх хүчин чадлаараа ажиллахад 500 гаран МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх чадалтай станцууд бий болно. Өнөөдөр Монгол Улсад хамгийн том цахилгаан дулаан үйлдвэрлэгч станц бол 2012-2014 онд хамгийн сүүлд өргөтгөгдөж 700 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай болсон ДЦС IV. Гэхдээ суурилагдсан хүчин чадал гэдэг нь бүх цахилгаан үүсгүүрүүдээ зэрэг ажиллуулах тохиолдолд үйлдвэрлэх боломжтой эрчим хүчний хэмжээ болохоос байнга бүх хүчин чадлаараа ажилладаг гэсэн үг биш юм.

Монголын эрчим хүчний хэрэглээ жилд 7-8 хувиар өсч байна. Жил бүр цахилгаан эрчим хүчний 10 орчим хувийн хомсдолтой ажиллаж байгаа бөгөөд дутуугаа гадны эх үүсвэрээс биш дотоодоосоо, тэр тусмаа сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр нөхөх гэсэн зөв зүйтэй санаачилга гарч 2020 он гэхэд Төвийн эрчим хүчний системийн 20 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр бүрдүүлэх, 2030 он гэхэд энэ тоог 30 хувьд хүргэх бодлогын зорилт тавин ажиллаж байгаа боловч өнөөдрийн байдлаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр нийт эрчим хүчний хэрэглээнийхээ зөвхөн 3.4 хувийг л хангаж байна.
Нар, салхины эрчим хүчний эх үүсвэрээр ажиллаж байгаа томоохон жишээнд Салхитын цахилгаан станц (50МВт) болон энэ жил ашиглалтанд орсон Дарханы нарны цахилгаан станц (10MBт) зэргийг дурдаж болно.
Эг, Шүрэнгийн УЦС-ын төсөл хүчин чадлаараа монголын хувьд маш том төсөл. Гэсэн хэдий ч ОХУ-ын Байгал нуураас эх аван урсдаг Ангар мөрний гольдрол дээр баригдсан, тус бүртээ 3,800-4,200 МВт-ын дөрвөн аварга УЦС-ын дэргэд 10-20 дахин жижиг төслүүд юм.

ОХУ-ын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй УЦС-уудын байршил, хүчин чадал

 
Сэлэнгэ мөрний 40-өөд хувь нь Монголын газар нутгаар урсаж, үлдсэн буюу ихэнх нь Оросын газар нутгаар урссаар Байгал нуурын усны тал хувийг бүрдүүлдэг. Сэлэнгэ мөрний цутгал дээр баригдах хоёр цахилгаан станцын төсөл Байгал нуурын экосистемд хор хохирол учруулах бий хэмээн зовнисон ОХУ-ын ард түмний хүчтэй эсэргүүцэлтэй Монголын эрчим хүчний байр сууриа бататгах гэсэн сонирхол халз тулаад байгаа билээ.

Усан цахилгаан станцуудын үзүүлэлтүүд /хүснэгтээр/
УЦС-ууд Гуулин Тайшир Дөргөн Шүрэн /төлөвлөж буй/
Суурилагдсан хүчин чадал 400 КВт 11МВт 12МВт 245МВт
Жилд үйлдвэрлэх эрчим хүч 540 ГВт/цаг 37 сая КВт/цаг 38 сая КВт/цаг 962 сая КВт/цаг
Нийт хөрөнгө оруулалт Анхны хөрөнгө оруулалт 739.3 сая төгрөг
1997 онд Монгол-Хятадын хамтарсан компани барьж ашиглалтанд оруулсан
Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сангаас 20.0 сая ам.доллар
АНЭУ-ын Абу Даби Хөгжлийн Сангаас 13.0 сая ам.доллар
Монгол улсын Засгийн газраас 5.9 сая ам. доллар
26.9 сая ам.доллар
БНХАУ-ын гадаадын эдийн засаг технологийн хамтын ажиллагааны Шанхай корпорац, МУ-ын Засгийн газар хоорондын “түлхүүр гардуулах” нөхцөлтэй гэрээгээр баригдсан
780.0 сая ам. Доллар
(урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгаагаар)
 
Хүнд буян хийе гэвэл тархинд нь мэдлэг өг, байгаль дэлхийд буян хийе гэвэл хэвлийд нь ус тогтоо...
- Буддын сургааль
 
Монгол орны нутагт бүрэлдэх гол, мөрний усны жилийн дундаж нөөц 30.6 шоо км,ОХУ, БНХАУ-ын нутгаас ирэх урсацыг оролцуулан тооцвол 34.6 шоо км болно. Гол мөрний жилийн дундаж урсацын 60 хувь нь гадагш хил даван урсаж, үлдэх хувь нь хөрсөнд нэвчиж, газрын доорх усыг тэжээх буюу говийн нууруудад цутгана.
Товчхондоо, манай улсын гадаргын усны нөөц тэр чигтээ гадагшаа урсаад гарчихдаг гэсэн үг. Аливаа улс нутаг дэвсгэр дээгүүр нь урсан өнгөрч байгаа усны нөөцийн 20 хүртэл хувийг авч ашиглахыг дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрдөг. Эрдэмтдийн тооцоолсноор Манай улсын усны эрчим хүчний нөөц 56,000 сая кВт байхад үүний дөнгөж нэг хувийг нь л ашиглаж байгаа юм.
Усан цахилгаан станц барих нь зөвхөн эрчим хүч үйлдвэрлэх бус тухайн газар нутагт усан сан байгуулснаар усны нөөц бүрдүүлэх, агаарын чийгшлийг нэмэгдүүлэх, хавсрах аж ахуй буюу загасны аж ахуй, газар тариалан дагаж хөгжих боломжийг бүрдүүлдгээрээ ач холбогдолтой.
Ер нь Монголд хамгийн анхны УЦС-уудыг барихдаа эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор бус тариалангийн талбай усжуулах систем маягаар бүтээсэн байдаг. 1959 онд барьсан Хархорины УЦС эрчим хүч үйлдвэрлэлийн хувьд хүчин чадал багатай эрсдэл өндөртэй байсан учраас өдгөө усжуулалтын систем хэлбэрээр ашиглаж байгаа бол Говь-Алтай аймгийн Гуулингийн УЦС мөн адил усжуулалтын систем хэвээрээ байхын хажуугаар жилийн долоон сард нь Завханы нэг, Говь-Алтайн нэг сумыг Гуулин тосгоны хамт цахилгаанаар ханган ажиллаж байна.

Гуулин УЦС-ын генераторууд
 
Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенци “Киотогийн протокол”-ийн гишүүн. Дөргөн, Тайширын УЦС-ыг “протоколын зорилгод нийцсэн, байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулж, дэлхийн дулаарал, озоны цооролтыг багасгахад хувь нэмрээ оруулж байна” хэмээн үнэлж, 100-120  сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгожээ. Киотогийн протоколын зорилгод нийцсэн, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн амжилттай ажиллаж байгаа төсөл хөтөлбөрийг НҮБ-аас урамшуулдаг тогтолцоо бий болоод 25 жилийг үдээд байна.
Одоо ард түмний дунд Гэгээ нуур нэрээрээ танил болсон Тайширын УЦС-ын усан санг дүүргэхээр ажиллаж эхлэх үеэс буюу 2007-2011 онд усны урсгалыг тодорхой хэмжээгээр хаах шаардлага гарснаас гадна ган гачигтай, хуурайшилттай зун шил шилээ даран тохиосноор Завхан голын урсгал Тайширын далангаас доошоо татрах хэмжээнд хүрснээр УЦС-ын төсөл хэл ам дагуулах  болсон.
 
УЦС цахилгаан үйлдвэрлэхдээ зөвхөн усны урсгалын хүчийг ашиглаж цахилгаан үүсгүүрээ ажиллуулдаг бөгөөд урсаад гарсан усыг бохирдуулалгүйгээр буцаагаад гол мөрөнд цутгадаг. Дээрээ усан сантай, тэндээсээ доошоо байнга тогтмол хурдаар урсгал өгч байдаг тул гантай, хуурай жилийг ч гол мөрөн татрахгүй давах таатай боломж бүрдүүлсэн байдаг.
Завхан аймгаас гаралтай Наро Банчэн хутагт олон айлд гэрэл гэгээ авчирсан, хүн малын ундаа болсон сайхан нуур хэмээн бэлгэдэж Гэгээ нуур хэмээн нэр хайрласан ажээ. Өнөөдөр энэ нуурын хөвөөнд олон малчин айл нүүдэллэн нутаглаж байна. Түүнчлэн тогтмол урсацтай болсон Завхан голын загасны биеийн дундаж хэмжээ нь УЦС барихаас өмнөх үетэй харьцуулбал харьцангуй томорсон гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.
Говь-Алтай аймгийн төв Алтай хот өдгөө хэрэглээний усаа 60 км-ийн холоос татаж ашиглаж байгаа бөгөөд ундны усны стандартыг хангадаггүй, кальци, магнийн харьцаа алдагдсан, хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж буйгаас шаардлагатай хэрэгцээг хангаж чадахгүйд хүрээд байгаа. Иймээс Престиж группын санаачилсан Тайшир-Алтай хэмээх усан хангамжийн төслийг их дэмжиж, Гэгээ нуурын уснаас авч хэрэглэх сонирхолтой байгаа ажээ.

Түүнчлэн Дөргөний УЦС-ын усан санд ондатр буюу усны харх тогтмол усанд татагдан сүрэглэн ирж суурьшсан байна. Хажуугаар нь ойжуулж чадвал минж нутагшуулах боломжтой болж байгаа талаар тус станцын усны мэргэжилтнүүд ярьж байна.

Хэмжээлшгүй үнэтэй гүний усыг бага үнэтэй металаар солих уу?
 
Гүний ус “зэс, алтнаас ч үнэтэй” баялаг. Бага үнэтэй юмыг илүү их үнэтэй зүйлийг гарздан байж хийнэ гэдэг учир дутагдалтай 
Доктор Н.Энэбиш,
МУИС-ийн профессор, Дарханы нарны цахилгаан станцын төслийн удирдагч
 
Монголын Говь хэмжээгээрээ дэлхийд Сахарын цөлийн дараа орох хамгийн том цөл. Манай улсын ашигт малтмалын томоохон нөөцийг бүрдүүлдэг Оюу толгой, Цагаансуварга, Таван толгойн ордууд бүгд өмнийн Говьд бий. Үндэсний орлогын ихэнх хувийг уул уурхай бүрдүүлж байгаа тул уул уурхай, хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь Монголын эдийн засгийн түлхүүр бодлого болоод байгаа билээ. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн тулд газрын хэвлийг ашигласныхаа дараа нөхөн сэргээхээс гадна үйлдвэрлэлд хэрэглэх усны нөөцөө байгальд хор хөнөөлгүйгээр шийдвэрлэх нь олборлогч компаниуд, эрх мэдэлтнүүд, монголчууд бидний үүрэг хариуцлага мөн.
Гэвч өнөөдөр монголчууд бид усны хэрэглээнийхээ 85 хувийг гүний усаар хангаж байна. Гадаргын болон гүний усны ашиглалтын харьцаа өндөр хөгжилтэй орнуудад 90:10 байдаг бол энэ харьцаа манайд бараг эсрэгээрээ байгаа нь харамсалтай.
“Гүний ус “зэс, алтнаас ч үнэтэй” баялаг. Бага үнэтэй зүйлийг их үнээр хийнэ гэдэг учир дутагдалтай” гэж доктор Н.Энэбиш МОНЦАМЭ-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Тэрээр, гадаргын усны нөөцөөр хомс говь газарт том гол мөрнөөс газар доогуурх сувгаар ус дамжуулах технологитой олон төсөл бусад улс орнуудад хэрэгжсэн байдаг гээд “Улсын газар нутгаар урсан өнгөрч байгаа гадаргын усыг ашиглах их олон хувилбарууд байдгийн нэг оновчтой хувилбар нь Орхон-Говь төсөл. Тийм учраас үүнийг би Монгол улс усны хангамжаа гадаргын усаараа шийдэх гэсэн шилдэг төсөл гэж үздэг” хэмээн ярьсан юм.
Орхон-Говь буюу “Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төсөл” нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасан “Монгол орны гадаргын усны ашиглалтыг сайжруулах үүднээс томоохон гол, мөрөнд урсацын тохируулга хийж, усан сан байгуулах” зорилттой төгс нийцэж байгаа юм. Засгийн газрын 2013 оны “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээ тогтоох тухай” 327-р тогтоолд газрын доорх ус ашиглах төлбөр нь гадаргын усны төлбөрөөс 2-3 дахин их гэж тайлбарласан байдаг. Засгийн газар 2010 оны 11 сарын 23-ны өдөр “Ус” хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө баталсан ба энэ төлөвлөгөөнд Орхон-Говь төслийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Орхон голын хөндий
Гэрэл зургийг Н.Оддалай

 
Орхон голоос 740 км урттай газар доогуурх хоолойгоор дамжуулан өмнийн Говь руу ус татах төслийг хэрэгжүүлэхийн тулд 730 сая м3 эзлэхүүнтэй усан сан байгуулж ус хуримтлуулах юм. Усан санг бий болгосноор Орхон голын экосистемийг дэмжих төдийгүй, үерийн хамгаалалт бий болгох боломж бүрдэнэ. Төслийн хэтийн зорилго нь 30 хувийн усны хомсдолтой байгаа Говийн ард иргэдийг болон тэнд байгаа аж үйлдвэрүүдийн усны хэрэглээг бүрэн хангах шийдэл олох, газрын доорх усны хэрэглээний хувь  хэмжээг 45 хувь хүртэл бууруулан ихэнх буюу 55 хувийг гадаргын уснаас хангадаг болоход оршино.
"Орхон-Говь" төсөл бол ОХУ-ын зүгээс эсэргүүцэж байгаа бас нэг төсөл юм. Гэтэл уг төсөл Орос орны нутаг руу урсах Орхон голын урсацын зөвхөн 0.73 хувийг ашиглах буюу зууны нэг хувьд ч хүрэхгүй хэмжээтэй усыг эх орондоо хуримтлуулах зорилготой.
Монгол Улс ОХУ-ын Буриад улсын нутаг дэвсгэрт орших Гусиноозерск буюу Галуут нуурын дулааны цахилгаан станцаас ихэнх цахилгаанаа худалдан авдаг. ОХУ-ын газар нутагтаа нэгж нь нэг рублиэр хэрэглэгчдийн гарт хүрч байгаа цахилгааныг Монгол Улс 9 рублиэр худалдан авч байна. Энгийн хэрэглэгчдийн нуруун дээр, тэдний татварын хөрөнгөн дээр ихээхэн ачаалал болдог энэ үнийг буулгах, цаашлаад ОХУ-аас импортлох цахилгаан эрчим хүчний хэмжээг хоёр дахин бууруулах боломж бидний гарт байна.
Монгол Улс нүүрсээр асар баян орон тул дахин дулааны цахилгаан станц барих боломжтой. Жилийн 300 хоногт нь нарлаг, 360 хоногт нь салхитай байдаг, сэргээгдэх эрчим хүчний шавхагдашгүй нөөцтэй улсын хувьд энэ төрлийн цахилгаан станцууд олноор байгуулж дотоодын эрчим хүчээ өөрийн эх үүсвэрээр 100 хувь хангах боломж ч бидний өмнө нээлттэй байна. Гагцхүү энэ бүхэнтэй хавсарч ажиллах, хамгийн тогтвортой эрчим хүчний эх үүсвэр нь усан цахилгаан станц юм.
 Б.Амарсайхан
Холбоотой мэдээ