Төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд дүгнэлт хийх гэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 14:21:09

Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжинд Төрийн байгууллагуудаас явуулж буй авлигын эсрэг хууль болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор авлигын эсрэг шуурхай арга хэмжээ зохион байгуулах сарын аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

Тус захирамжинд зааснаар аяны хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гаргах, төлөвлөгөөнд тусгасан ажил, арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүн тайлан мэдээг 2015 оны 11-р сарын 10-ны дотор ирүүлэхийг аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, алба, газрын дарга, сумдын Засаг дарга нарт үүрэг болгожээ. Мөн захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажлын тайланг нэгтгэн дүгнэж танилцуулах, мэдээлэхийг аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Ч.Даваадоржид үүрэг болгожээ.

Түүнчлэн уг захирамжтай холбогдуулан гаргасан аймгийн Засаг даргын 1/874 тоот албан тоотод сумдын Засаг дарга нарт аяны хугацаанд мэдээллийн ил тод байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгчээ. Тухайлбал аймаг, сумдын Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх хүрээнд аймаг, сумын хөгжил, иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэхээр хийсэн ажил, үр дүнг өргөн хүрээнд ил тод мэдээлэх шуурхай арга хэмжээг энэ оны 10-р сарын сүүлийн хагас, 11-р сарын эхний хагасын хугацаанд зохион байгуулах. Мөн мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хууль, тэдгээртэй холбогдож гарсан журам, заавруудын хэрэгжилтийн явц, үр дүнг сумын хэмжээнд нэг бүрчлэн нягтлан шалгаж, холбогдох арга хэмжээ авах ажлыг тусгайлан зохион байгуулахыг заасан байна.

Түүнчлэн мөн дээрх хууль, эрх зүйн зохицуулалтуудаар мэдлэгээ баяжуулах, алдаж онож байгаагаа мэдэрч дүгнэлт хийх ажиллагааг өөрийн болон төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд явуулах талаар тусгажээ. Ийнхүү дээрх үүргүүдийг хэрэгжүүлж, хийсэн ажил арга хэмжээнийхээ дүн мэдээг 11-р сарын 15-ны дотор албан ёсоор ирүүлэхийг мэдэгдсэн байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ